Хуушуурын зөвшөөрөл хүссэн материалыг авч эхэллээ

Тулгар төр байгуулагдсаны 2226, Их монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадам удахгүй болно.
Жил жилийн баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах аж ахуйн нэгж, иргэд ихээхэн дараалал үүсгэж, маргаан дэгдээдэг. Тэгвэл энэ жилийн баяр наадмаар Хүй долоо худагт хуушуурын 210, худалдааны 110, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100, нийт 800 зөвшөөрөл олгохоор болжээ. Энэ талаар Нийслэлийн Захирагчийн ажлын алба болон НМХГ-тай хамтран мэдээлэл хийлээ.
Баяр наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг зургадугаар сарын 16-27-ны өдрүүдэд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст хүлээн авах юм байна. Харин сонгон шалгаруулалтыг зургадугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулах аж. Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхлэхээр шалгарсан аж ахуй нэгж, иргэдийн мэдээллийг зургадугаар сарын 30-нд олон нийтэд мэдээллэх юм байна.
Зөвшөөрөл олгосон газруудад 2017.07.07-ны өдөр семинар зохион байгуулж, анхаарах зүйл, тавигдах шаардлагын талаар зөвлөгөө өгч, зөвлөмж өгөх ажлыг НМХГ-аас зохион байгуулахаар төлөвлөжээ. Зөвшөөрөл авсан аж ахуй нэгжид худалдаа, үйлчилгээ эрхлэх байршил олгох ажлыг долдугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт зохион байгуулах аж.
Худалдааны цэгүүдээр хүнсний бүтээгдэхүүн, ус ундаа, зайрмаг айраг худалдаах, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрөх аж. Мөн хүй долоо худагт гаргах хүүхдийн тоглоомын үйлчилгээний зөвшөөрөл, байршлыг “Монгол наадам” цогцолбор хариуцаж ажилах ба хэвийн үйл ажллагаанд хяналт тавих юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ