Porsche LMP баг цомын эзэн боллоо

Манай гаригийн хамгийн хүнд хэцүү уралдаануудын тоонд багтдаг “24 цагийн Ле Ман” авто уралдаан өчигдөр болж өндөрлөлөө.
Францын алдарт Ле Ман авто тойруулгад болдог тус уралдаан энэ жил 85 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа нь энэ юм. Тун энгийн атлаа хүнд дүрэмтэй энэ уралдаан нь 24 цагийг хугацаанд үргэлжилдэг бөгөөд нэг хоногт хамгийн олон тойрог хийж чадсан баг нь цомын эзэн болдог уламжлалтай.
Энэ жилийн уралдаанд нийт 60 багийн 180 тамирчин орж өрсөлдсөн байна. Анх 1906 онд үндэс суурь нь тавигдаж байсан Сарта авто тойруулгад энэ уралдаан болдог бөгөөд нийт 38 эргэлттэй, замын урт нь 13.629 км.
Тэгвэл энэ жилийн уралдааны оролцогч 60 багаас 49 нь уралдаанаа дуусгасан бол 11 нь хугацаанаас өмнө замын орхижээ. Энэ багуудын тоонд байрлал тогтоох урьдчилсан гарааны ялагч Тоёота Газоо баг багтсан байна. Тэдний хувьд 160 дахь тойрогт буюу 12 орчим цагийн уралдааны дараа хөдөлгүүрт гарсан гэмтлээс шалтгаалан уралдааныг орхисон юм. Тэгвэл Тоёота багийн эзгүйд тэмцээний 18 удаагийн аварга Porsche LMP баг онцгой сайн уралдааныг хийжээ. Тэдний хувьд “Porsche 919 hybrid” загварын машинаар уралдаанд оролцсон, энэ нь 2.0 литрийн багтаамжтой, Turbo V-4 хөдөлгүүртэй байсан юм.
Тэд 24 цагийн хугацаанд нийт 367 тойрогт хийснээр 3 дахь жилдээ дараалан аваргын цомыг хүртсэн байна. Тус багийн бүрэлдэхүүнд энэ жил Германы тамирчин Тимо Бернхард, Шинэ Зеландын хослол Брэндон Хартлэй, Өрл Бамбер нар багтаж байсан юм.
Харин дараагийн байруудад Хятадын нэрт жүжигчин Жэки Чаны санхүүжүүлсэн “Jackie Chan DC racing” , Швейцарийн “Rebellion Racing”багууд орсон байна.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ