Хайлаастын иргэд “түгжирдэггүй” замтай болно

img

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км замыг 57 урт метр гүүрийн хамт шинээр барих ажлын нээлт өнөөдөр /2017.06.21/ боллоо. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нарын албаны хүмүүс оролцов.

 

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын санаачлагаар Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км зам болон 57 у/м гүүрийн хамт шинээр барихаар болжээ. Зам болон гүүр барих ажлыг “Мотор сервис” ХХК гүйцэтгэхээр сонгон шалгаруулалтад тэнцсэн бөгөөд авто замын зорчих хэсгийн өргөн 14 метр, 4 эгнээ хатуу хучилттай, 2 талдаа 2 метр өргөн ногоон байгууламж, 3 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн байхаар төлөвлөжээ.

 

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол арга хэмжээний нээлтэд оролцох үеэр хэлсэн үгэндээ “Энэхүү зам болон гүүрийг барьснаар гэр хороололд амьдарч буй иргэдийн амьдралын орчинг дээшлүүлэхээс гадна хөрс нь муудсан шороон замыг өргөтгөн шинэчилж, ард иргэдийн амьдралд ая тухыг бий болгох боломж бүрдэж байгаа юм. Мөн Хайлааст орчимд амьдарч буй иргэд Дарь-Эхийн 21,27 хороонд аж төрж буй иргэдийн амьдралд ихээхэн эерэг хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

 

 

Гэр хороололд амьдарч буй иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх нь Засгийн газар, МАН-ын мөрийн хөтөлбөрийн маш том зорилт байсан. Энэ зорилгыг биелүүлэх ажлыг НЗДТГ, Авто замын газар маань маш шуурхай зохион байгуулж ажлыг эхлүүлж байгаад баяртай байна. Ажлыг гүйцэтгэх компани хөрөнгө мөнгөө аваад зургаан сарын хугацаанд ашиглалтад оруулж чадна гэж хэлсэн үгийг сонсож суухад надад маш таатай байлаа. Өнөөдөр гэр хорооллын ард иргэд маань өдрөөс өдөрт амьдралд нь өөрчлөлт ороосой гэж хүсч, хүлээж байдаг. Дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор өчигдөр Засгийн газрын хуралдаанаар 2 тэрбум юанийн буцалтгүй тусламжийг зөвхөн гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд олгохоор болсон. Энэ бол гэр хороололд амьдарч буй иргэдийн амьдралын нөхцөл боломжийг сайжруулж, хашаандаа сайхан амьдрах боломж бүрдэж байгаа юм байна гэж би харсан. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцож буй хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээлээ.

 

Зам, гүүр барих ажилд 6 тэрбум төгрөг зарцуулна

 

Энэхүү зам, гүүр барих ажилд Нийслэлийн төсөв, Засгийн газар, улсын төсвөөс 6 тэрбум 353 сая, 399 мянга 881 төгрөгийг зарцуулахаар төсөвлөжээ.  Гол санхүүжилт нь 57 урт метр гүүр барихад зарцуулагдах бөгөөд 4.5  тэрбум төгрөгийг гүүр барихад ашиглах аж. Үлдсэн хөрөнгийг 1.4 км, дөрвөн эгнээ ус зайлуулах хоолойтой иж бүрэн цогц зам барихад ашиглах  юм байна.  Энэхүү ажлыг “Мотор сервис” ХХК гүйцэтгэх бөгөөд 2017 оны зургадугаар сарын 20-ноос 2017 оны арваннэгдүгээр сарын 10-ны хооронд зам, гүүрийн ажлыг гүйцэтгэх ажээ.

 

Хатуу хучилттай авто зам 13 жилийн хугацаанд их засвар шинэчлэлт хийгдхээргүй стандартаар баригддаг. Энэ стандартад нийцэхүйц зам барихаар зураг төслийг гаргажээ. Мөн гол гудамж зам учраас хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөнийг хязгаарлаж, ачаа тээврийн үндсэн урсгалыг өнгөрүүлэх тойруугаар зорчих үүрэгтэй байхаас гадна тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хуваарьлах гол давуу талтай гэдгийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Энхмандах хэллээ.

 

Энэхүү гадна тойруугийн хойд хэсгийн замын гуравдугаар хэсгийг барьснаар Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос үүсч, улмаар хотын хойд хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, жигд хуваарилах болон гэр хорооллын дахин төлөвлөлтийг хурдасгах гэх мэт олон талын чухал ач хоблогдолтой ажээ.

 

 

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Энэхүү зам нь Улаанбаатар хотын авто замын мастер төлөвлөгөөнд тусгагдсан ажил юм. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн УИХ-ын гишүүд маань энэхүү ажлыг эхлүүлэх, хөрөнгө мөнгийг шийдвэрлэхэд санаачлагатай ажилласан хүмүүс юм. Энэ зам, энэ гүүр бол Улаанбаатар хотын гадна тойрууг холбосон их зам байх юм. Баянхошуунаас авхуулаад, Баянзүрхийн  Гачууртын уулзвар хүртэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад тус дөхөмтэй замын эхлэл өнөөдөр тавигдаж байна. Энэ зам тавигдсанаар гурван дүүргийн иргэдийн замын ачааллыг хөнгөвчлөх учраас ЧГД, СБД, БЗД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа юм. Энэ зам зөвхөн Нийслэлийн хөрөнгөөр биш Засгийн газар, улсын төсвөөр гүйцэтгэх ажил” хэмээсэн юм.

 

Ногоон байгууламжтай, гэрэлтүүлэгт зам гэр хорооллын гудамжаар тавигдана

 

Хайлааст, Дарь-Эх орчимд амьдардаг иргэд энэхүү зам, гүүрийн ажил хэзээ дуусахыг сураглаж, ихээхэн хүлээлттэй байна. Учир нь зам, гүүр гэр хорооллын гудамж дундуур тавигдах бөгөөд гол гудамж замын зэрэглэлээр буюу замын зорчих хэсгийн өргөн 14 метр, дөрвөн эгнээ, хоёр талаараа ногоон байгууламжтай, 3 метр өргөн явган хүний замтай иж бүрэн хийгдэх юм.  Ногоон байгууламж авто замын хоёр талаар хоёр метрийн өргөнтэй хийгдэх юм . Иймд зам баригдсанаар иргэдийн амьдрах орчин сайжрах тул маш таатай хүлээж авч байгаа ажээ.

 

 

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Дарь-Эхийн болон Хайлаастын иргэдийн амьдралд хувь нэмэртэй төдийгүй зуслангийн замын түгжрэлийг бууруулах чухал ач холбогдолтой зам, гүүр юм. Ажил гүйцэтгэх “Мотор серви” ХХК 10 гаруй жилийн ажлын туршлагатай. Тиймээс чанартай барьж ашиглалтад оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Гэр хорооллын дундуур зам тавигдах учраас газрын асуудал яригдана. Энэ асуудлыг газрын албаныхан хариуцан нүүлгэн шилжүүлэлтийг хийж, газрын төлбөрийг хууль журмын дагуу төлж, иргэдтэй зохицон ажиллана. Нийтдээ 40 гаруй айл газар чөлөөлөхөөр байгаа” хэмээн ярилаа.

 

Ийнхүү Хайлааст, Дарь-Эх орчмын гэр хорооллын иргэд гудамж дундуураа ногоон байгууламжтай, гэрэлтүүлэгт гудамжтай болох их ажил өнөөдрөөс эхэллээ. Мөн зуслангийн замын түгжрэлийг бууруулах үндэс өнөөдөр тавигдаж айна. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг учраас зуслангийн зам дардан, гэр хорооллын иргэдийн амьдрах орчин гэгээлэг болох биз ээ.

 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Иж бүрэн гээд л зам болгон дээр яриад байсан ....бороо ороод л замын чанарыг нь шалгачхаж байна....ус зайлуулах., дугуйн зам, явган хүний зам гурвыг үргэлж дутуу хийсэн ажил хүлээж аваад байдаг хүмүүст нь ажлаас халах хүртэл арга хэмжээ авдаг баймаар юм
2017-06-22
Kkk:
Ouynhorol chadaj bnshde.kkk dahiad songonoo
2017-06-21
Зочин:
Оюунхорол бариулж байгаа гээ биз дээ? хэд хоногийн өмнө тийм мэдээ яваад, энэ зураг л гараад байсан?
2017-06-21