Саналын хуудсыг орон нутагт нисдэг тэргээр хүргэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-нд орон даяар явагдсан ч гурван нэр дэвшигчийн нэг нь 50+1 буюу олонхийн санал авч чадаагүй тул хуулийн дагуу хоёр дахь шатны санал хураалтыг зохион байгуулахаар болоод байна.
Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр /2017.06.28/ хуралдаж, хоёр дахь шатны санал хураалтыг долоодугаар сарын 7-нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ талаар СЕХ-оос албан ёсны мэдээлэл хийлээ.
Хоёр дахь шатны санал хураалтын хугацааг өөрчлөх хүсэлт шаардлагыг нам холбоодоос СЕХ-нд хүргүүлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү долоодугаар сарын 4-нд, АН болон Монголын Ардчилсан холбоо, Ардчилсан залуучуудын холбоо долоодугаар сарын зургаанд дахин санал хураалтыг явуулах шаардлага хүргүүлжээ. Уг хүсэлт шаардлагыг СЕХ-ны хуралдаанаар хэлэлцэж шаардлагад дурьдсан хугацаанд явуулах боломжгүй гэж үзэж, хүсэлт шаардлага ирүүлсэн холбоодод хариуг өгөхөөр болсон байна.
Бүхий л боломжийг судалж долоодугаар сарын 7-нд тогтсон
СЕХ хоёр дахь санал хураалтыг 14 хоногийн дотор зарлан зохион байгуулах заалттай. Энэ хугацаанд саналын хуудсаа хэвлэн, техник хэрэгслээ програмчилж, санал авах тоолох төхөөрөмжийг аймаг, сумдад хүргэхэд хугацаа шаардагдана. Иймд бүх боломж нөхцлийг судлан долоодугаар сарын 7-нд зохион байгуулахаар болсон тухай СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэллээ.
Тэрбээр “Бүх аймагт онгоц нисэхгүй. Ийм тээврийн нөхцлөөр бид 14 хоногийн хугацаанд багтаан ажиллана гэдэг хүнд. Манай ажилчид сүүлийн хоёр хоног унтаагүй явж байна. Өнөөдөр өглөө дөрвөн цагт гадаад дахь монголчуудын саналын хуудсыг хэвлэж дууссан. Бид хоёр дахь шатны санал хураалтыг даруй зохион байгуулахаар бүхий л боломжийг судалсан. Тээврийн хэрэгслийн боломжийг судаллаа. ИНЕГ болон бусад компани, ЗХЖШ-д байдаг нисдэг тэрэгний нөөцийг асууж, лавлалаа. Тэдний зүгээс нааштай хариу өгсөн бөгөөд зарим нислэгээ зохицуулж сонгуулийн хоёр дахь санал хураалтын техник хэрэгсэл, саналын хуудсыг хүргэхэд тусална гэсэн. Иймд хоёр дахь санал хураалтыг 2017 оны долоодугаар сарын 7-ны өдөр явуулахаар тогтлоо” хэмээв.
Энэхүү шийдвэрийг биелүүлж ажиллахыг бүх шатны Засаг дарга, бүх шатны сонгуулийн хороод, төв салбар комисст үүрэг болгожээ. СЕХ-ны бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлэх хуулийн заалттай.
Бидний ажлыг хөндлөнгөөс заах явдал дэндэж байна
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар анхан шатны санал хураалтын дүнгээр хоёрдугаарт явсан ч зургаадугаар сарын 28-ны өглөө МАН-аас нэр М.Энхболд түүнийг тэргүүлж, хоёр дахь шатны санал хураалтад оролцох эрх үүсээд буй. Үүнээс шалтгаалан СЕХ эрх баригч намд үйлчилж, санал хураалтыг луйвардсан гэх шүүмжийг иргэд, олон нийт хэлж байна.
Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Нам холбоод, иргэд хөндлөнгөөс оролцож, бидний ажлыг зааж зааварлах явдал дэндэж байна. СЕХ бие даасан хараат бус байгууллага. Бид хуулийн хүрээнд сонгуулиа зохион байгуулж байна. Анхан шатны сонгуулийн дүнг дэлгэцээр нийтэд ил тод мэдээлсэн. Санал авах байруудаас ирж буй дүнг иргэн, нам, нэр дэвшигчи ажиглагчид эхнээс нь дуустал харсан. Тийм учраас сонгуулийн дүнд эргэлзэх хэрэггүй. Саналын дүн шөнөдөө өөрчлөгдлөө, СЕХ будлиан хийлээ гэх мэдээ явсан. Үүнд ямар нэгэн засвар өөрчлөлт ороогүй гэдгийг хэлмээр байна” гэв.
Гадаад дахь монголчууд долоодугаар сарын 4,5-нд саналаа өгнө
Гадаадад суугаа монголчуудын хоёр дахь шатны санал хураалтыг долоодугаар сарын 4,5-нд зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн санал хураалт нь сонгуулийн үргэлжлэл учраас санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн нэрийн жагсаалтын бааз өөрчлөгдөхгүй болохыг мэдэгдлээ. Харин хилийн чанад дахь монголчуудын санал өгөх насны иргэдийн бүртгэл зургадугаар сарын 15-нд зогссон. Үүнээс хойш долоодугаар сарын 7-ныг хүртэл хугацаанд нас барсан хүмүүсийг бүртгэлээс хасах аж.
7.2 тэрбум төгрөгийг нөөц хөрөнгөнөөс гаргана
Хоёр дахь шатны санал хураалтад 7.2 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоог СЕХ-оос гаргасан. Өнөөдөр Засгийн газар хуралдаж, санал хураалтад зарцуулах 7.2 тэрбум төгрөгийг нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэжээ.
Мөн хоёр дахь шатны санал хураалтад сонгогчдын ирц 50 хувьд хүрэх ёстой бөгөөд хоёр нэр дэвшигчийн аль нэг нь 50+1 саналыг авснаар ялалт байгуулах боломж бүрдэнэ гэдгийг СЕХ-оос мэдээллээ. Хэрэв сонгогчдийн ирц 50 хувьд хүрэхгүй бол дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүснэ. Иймд иргэд, сонгогчид сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриаллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нар өрсөлдөнө.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ