Дүүргүүдийг хотын дагуул болгоно

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа юм.
УИХ-аас анх 1994 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан. Өнөөгийн байдлаар нийслэл хот, түүний удирдлагад эрх, үүрэг болгон хэм хэмжээ тогтоосон 120 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас өдөр тутмын үйл ажиллагааг 20 гаруй хуулиар зохицуулдаг байна.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойшхи 23 жилийн хугацаанд нийслэл хотын үйл ажиллагаа жигдэрч, эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд тодорхой хэмжээнд өргөжин хөгжиж иржээ. Өнөөдөр Улаанбаатар хот 9 дүүрэг, 152 хороотой. Нийслэл хотын хөдөлмөрийн насны хүн амын тоо 981.456, жил тутам шилжиж ирэгсдийн тоо 30.297, төрөлт 42.790 бөгөөд нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 14.881 тэрбум төгрөгт хүрсэн нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувьтай тэнцэж байна. Нийслэл хотод нийт 43.490 аж ахуйн нэгж бүртгүүлсэн нь улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа 68.425 аж ахуйн нэгжийн 63 хувьтай тэнцжээ. Хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн1990-ээд оноос хойш эхэлсэн тасралгүй үргэлжилсээр өдгөө нийслэлдбайнга болон түр оршин суугчдын тоо 1.372 сая буюуманай улсын нийт хүн амын 46.8 хувьд хүрээд байгаа аж.
Улаанбаатар хот дээр дурдсан статистик тоон үзүүлэлтээс үзэхэд 1.5 сая орчим хүн амтай дэлхийн 400 гаруй хотын нэг болсон тул цаашид хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзсэн байна.
Нөгөө талаас, 1994 онд батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн зүйл, заалт сүүлд батлагдсан зарим хуулиудын зүйл, заалттай давхардах, зөрчилдөх,цаг хугацааны явцад зохицуулалтын чадвараа алдах зэрэг тохиолдол гарч байгаа бөгөөд хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай нийгмийн зарим харилцааг хуулиар зохицуулаагүй үлдээсэн нь эрх зүйн хийдлийг бий болгожээ. Иймд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсныг хууль санаачлагч танилцуулав. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 14 бүлэг, 52 зүйлтэй аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар:
-Нийслэлийн статусын зохицуулалтыг яаж хийж байна вэ?
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд:
-Нийслэл ямар статустай вэ гэдэг олон улсын жишиг байдаг. Нийслэл засаг захиргааны хувьд тусгай нэгж юм. Хотын Засаг дарга, захирагчийн асуудлыг яаж тогтоох нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Өнөөдрийн Үндсэн хуулиар Засаг дарга бөгөөд захирагч байх нь хэрэгтэй гэсэн. Холбооны улсуудын хувьд энэ нь тусдаа зохицуулалттай.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Нийслэлийн эрхзүйн байдлын хуулийг батлаад 23 жил болжээ. Тэр үедээ нэлээн их бэрхшээл туулсан. Тухайн үед нийслэлийн дүүргүүдийг хуваах, хотын эдлэн газрын асуудал маргаан дагуулсан. Одоо газар нутгийн маргаан гайгүй болсон байх. Нийслэл хотын статус гэдгийг өнөөдөр яаж заах вэ? Үндсэн хуулинд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн гээд заасан. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд бидний үүрэг оршино. Гэтэл олон мянган хүнтэй дүүрэг иргэдэдээ яаж шуурхай үйлчилж чадах вэ. Энэ үүднээсээ дүүргүүдийн ачааллыг жигдрүүлэх шаардлага байна. нийслэлийн дүүргүүд сумын статустай адил түвшинд байна гэдэг шүүмжлэлийг бид байнга сонсож байгаа. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Ийм учраас хүмүүсийн хэлдгээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орох зарим өөрчлөлтийг Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд уялдуулъя.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд:
-Өргөн барьсан хуульд нийслэлийн дүүргүүдийг дагуул хот болгох асуудал тусгагдсан. Хууль батлагдсаны дараа дагуул хоттой байх, дүүргүүд дагуул хот болгох талаар шийдвэрлэнэ. 300 мянган хүн амтай газарт төрийн үйлчилгээг яаж хүргэх талаар бид ярьж байгаа. Өнөөдрийн нөхцөлд дүүргүүдийн ачааллыг бууруулахын тулд хороод хөгжүүлэх ажил явж байгаа. Төвлөрлийг сааруулахын тулд төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргүүдэд зохицуулалт хийхээр тусгасан. Энэ хууль тодорхой хугацааны дараа нийслэлийн дүүргүүд болон нийслэлээс үйлдвэрийн бүс руу аж ахуй нэгжүүдийг шилжүүлсэн тохиолдолд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан байгаа.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль манайд үйлчилж байгаа. Одоо энэ орж ирж байгаа хууль чинь үечлэн гаргажээ. Төвлөрлийг сааруулах асуудал тусгагдаагүй байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд:
-Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль батлагдаад 23 жил болсон. Тэр үед 500 мянган хүн амтай байсан бол одоо орж гарч байгаа иргэдтэй нийлээд 1.8 сая хүн амтай болж байна. Бүх зохицуулалт хуулинд байгаа. Дүрмээр зохицуулахаар оролдсон. Гэтэл дүрмээр зохицуулах гэхээр биелүүлээгүй тохиолдолд хариуцлах хүлээх зохицуулалт хуулинд арга. Тиймээс энэ бүх асуудлыг хуулинд тусгасан.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Нийслэлд тулгамдсан олон асуудал байгаа. Дагуул хот хөгжүүлэх, бие даасан санхүүтэй болох гээд. Энэ бүхнийг зохицуулах гэж оролдсон байна. Нийслэлийн Засаг дарга гэдэг бол Монгол Улсын хүн амын тал хувьд нь үйлчилж байгаа. Энэ утгаараа Нийслэлийн Засаг даргыг Засгийн газрын танхимд байх хэрэгтэй гэж яригдаж байсан.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд:
-Нийслэлийн Засаг даргыг Засгийн газрын танхимд байх асуудлаар өмнө нь ярьж байсан. Хамгийн гол нь Үндсэн хуулиа барих хэрэгтэй. Нийслэлийн тээврийг байгаль орчинд халгүй, эко байдлаар шийдэж явна гэж тусгасан байгаа. Энэ хууль Үндсэн хуулийн хүрээнд боловсруулагдсан.
Ийнхүү гишүүд уг хуулийн төслөөр асуулт авч, үг хэлсний дараа хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ