Монгол судлалаар дараагийн Ерөнхийлөгчийг дэмжиж ажиллана

“Эрмитаж дахь Ноён уулын эрдэнэс”, “Иран дахь Монгол өв соёл” номын нээлт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн , ОХУ-ын Эрмитаж музей хамтран “Эрмитаж дахь Ноён уулын эрдэнэс” номыгн эмхэтгэсэн бол ШУА-ны доктор, профессор, Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин, түүхч О.Нямдаваа “Иран дахь Монгол өв соёл” судалж эмхэтгэжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны тавдугаар сард ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Санкт-Петербург хот дахь “Эрмитаж” музейд зочилж, тус улсын Ерөнхийлөгч Д.А.Медведевтэй эл музейд хадгалагдаж буй Монголын түүх, соёлын дурсгалт зүйлсийг харуулсан, ялангуя 1923-1926 онд Монгол Улсад ажилласан П.К.Козловын хээрийн шинжилгээний ангийн илрүүлсэн “Ноён уул”-ын дурсгалуудыг судлан шинжлэх, тусгайлсан зургийн цомог гаргахаар тохиролцсон байна. Уг тохиролцоог хэрэгжүүлэх ажил сүүлийн таван жил үргэлжилж, дурсгалуудыг судалснаар “Эрмитаж дахь Ноён уулын эрдэнэс” бүтээлийг олны хүртээлж болгож байгаа нь энэ аж. Уг каталогид Ноён уулаас олдсон 2900 гаруй олдворыг багтаасан байна.
Мөн 2012 оны есдүгээр сард Исламын бүгд найрамдах Ирэн улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нарын ярилцаж тохиролцсоны дагуу Монгол Улс болон Исламын бүгд найрамдах Иран улсын хооронд 2013 оны 12 дугаар сард Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Уг санамж бичигт дурдагдсан ажлуудыг хэрэгжүүлэхээр Монгол, Ираны талын хамтарсан судалгааны хүрээнд “Иран дахь Монгол өв соёл” бүтээлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр хэвлэн гаргажээ. Уг бүтээл нь Ил хаань улсын зоос, уран барилга, шашны талаар авч хэрэгжүүлсэн бодлого, исламын ертөнцөд үзүүлсэн монгол хаадын нөлөө, үлдээсэн өв соёлын тухай өгүүлсэн байна.
Номын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ:
-Дорно дахин бичиг соёлын хүрээлэнд байдаг Петербургт байгаа монголын өв соёлын их чухал зүйлүүд хадгалагдаж байгаа. Зарим нэг чухал зүйлийнх нь талаар хөөцөлдөж, эх загварыг нь олж авахаар ажиллаж байна.
Ираны хувьд судалгааны эхлэл. Манай хүмүүс анхны бүтээлээ ирүүлж гаргаж байгааг дэмжиж байна. Цааш улам өргөжүүлж, нарийн судлах шаардлага байгаа. Иранд очиход молнголчуудын засаглалын талаар маш сайхан сэтгэгдэлтэй байсан, монголчууд маш их зүйл хийсэн. Тэд хийсэн зүйлд нь талархаж явдаг.
Монголчуудыг манай Иранд их сургууль нээсэн, номын сан байгуулсан, одон орон судлалын хүрээлэнгийн цамхаг бий болгосон. Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийг хөгжмөөр эмчлэх эмнэлэг нээж байсан гээд их хүндэлдэг. Монголын түүхээ, Ил хаант улсын үед үлдээсэн зүйлийг бүрнээр нь харъя гэвэл бичиг дурсгалыг судлахгүйгээр боломжгүй юм байна гэж энд дүгнэлт хийсэн.
Монголчуудын хөл хүрсэн газар очъё гэвэл Иранд заавал очих ёстой. Хотуудад очоод харж байхад монголчуудын ул мөр маш өргөн байдаг.
Дээд удирдагчаасаа эхлээд хамтарч ажиллах, судалгаа хийх боломжтой. Монголчуудын нутаглаж байсан газраар очиход манай төв Азийн өндөрлөгт байгаа газар шиг уул ус бэлчээр нь танил. Хүмүүс нь элгэмсүү. Монголчуудыг гэсэн сэтгэл байгаа. Тэнд сурч байгаа манай нэг оюутан “Монгол Улсын Ерөнхийлөгч ирэхээс нэг жилийн өмнө, Ерөнхийлөгч ирснээс хойш гурван жилийн дараа” гэж он тоолол маягаар ярьдаг гэж бидэнд хэлж байсан. Ерөнхийлөгчийн ажил маань отголж байгаа үед энэ үйл явц таарлаа. Би “Их Монгол” сан байгуулсан.
Дараа, дараагийн Ерөнхийлөгчийн ажлыг энэ чиглэлээр дэмжинэ. Энэ сангийнхаа чиглэлээр монголтой холбоотой түүх, соёлд дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана. Монголтой холбоотой сэдвийг дэмжиж, эрдэмтэд судлаачдаа дэмжиж ажиллана. Дахин дахин хамтарч ажиллах сайхан боломж гарна гэдэгт итгэж байна хэмээлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ