Согтуу жолоочийг баривчилж, албадан сургалтад хамруулна

Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
2017 оны долоодугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар замын хөдөлгөөний зөрчилтэй холбоотой дөрвөн хуулиар зохицуулалт хийхээр болжээ. Тухайлбал Жолоочийн хариуцлагын даатгалаа төлөөгүй жолоочийг Замын цагдаагийн алба хаагчид хяналт шалгалтаар илрүүлээд, арга хэмжээ тооцдог байсан бол хуулийн шинэ зохицуулалтаар бичиг баримтыг шууд хурааж авна. Улмаар захиргааны арга хэмжээ тооцохоос гадна даатгалыг нь төлүүлэх арга хэмжээ авах аж. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр зохицуулдаг байсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөх болгонд торгуулийн хэмжээ хэлбэлздэг тул Зөрчлийн тухай хуулиар энэ шийдвэрийг нэгжид шилжүүлсэн байна. Нэг нэгж нь 1,000 төгрөгтэй тэнцэх юм. Ингэснээр зам тээврийн осол үйлдсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 100 нэгж буюу 100,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулах аж.
Түүнчлэн баривчлах шийтгэлийг 14 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх болон жирэмсэн эмэгтэйчүүдийг нэг хоногийн 15 нэгжээр тооцож, баривчлахгүй байхаар Зөрчлийн хуульд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, 15 мянган төгрөгөөр торгоно гэсэн үг. Харин зам тээврийн осол нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэмжээний биш байвал 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох юм байна.
Харин согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж хөдөлгөөнд оролцсон тохиолдолд нэг жилээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасна. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эрх нь хасагдсан этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 7-30 хоног баривчилна. Үүний зэрэгцээ албадан сургалтад хамруулахаар болжээ. Зөрчлийн тухай хуулиар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд оногдуулах шийтгэл 30-40 хувиар буурсан гэдгийг Замын Цагдаагийн Газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Э.Бөхбат хэллээ.
Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш Замын аюулгүй байдлын тухай хуулийн 14.4-т заасан зөрчил 3302, Жолоочийн даатгалын тухай хуулийн 14.5 дахь хэсгийн заалтыг зөрчсөн 144 зөрчил бүртгэгджээ.
Зөрчлийн тухай хууль дагаж мөрдөж эхэлсэнтэй холбоотой Цагдаагийн байгууллага 247 зөрчлийг шалгаж шийдвэрлэхээр зохицуулагдсан байна. Шалгаж байгаа зөрчлүүдийг ангилж үзвэл, танхайрах зөрчил 24, хүний биед халдсан зөрчил 2, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 13, хулгайлах зөрчил 10, төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх 2 зөрчил бүртгэгджээ.
Эрүүгийн хэргийн шалгах мөрдөх ажил энэ хугацаанд ямар нэгэн байдлаар тасалдаагүй. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, мөрдөн байцаах тасаг гэмт хэрэг, зөрчлүүдийг шалгаж байгаа аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ