Соёолонгийн тоосонд соёлтой дарагдъя

Манай Монголчууд ихээхэн сүсэг бишрэлтэй ард түмэн. Хэн нэгэн сэргэлэн нөхөр Үндэсний их баяр наадмаар түрүүлсэн бөхийн хөлстэй салфетка, соёолонгийн тоостой хувцасыг худалдаалбал ихээхэн ашиг олохоор тийм л сүсэгтэй хүмүүс.
Өнөөдөр Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан соёолон насны морьдын уралдаан болно. Хурдан соёолонгууд гарааны зурхай руу гарчээ.
Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаанаас соёолонгийн уралдаан олон нийтийн анхаарлыг татаж, наадамчин олон Хүй долоо худгийг зорих нь элбэг. Учир нь соёолонгийн тоосонд дарагдвал хийморь сэргэдэг, түрүүнд хурдалсан хүлгийн хөлсөнд хүрвэл тэр жилийн хиймороо даадаг гэх монголчуудын сүжиг бий.
Тиймдээ ч жил жилийн соёолонгийн уралдааны дараагаар Хүй долоо худаг хөлсөнд нь хүрэх гэсэн “сүсэгтэн олны” хөлд дарагддаг. Өнөө жил соёолонгийн тоосонд дарагдах гэсэн наадамчин олон Хүй долоо худагт хонож, өнжсөн сурагтай.
Үнэндээ соёолонгийн тоос үзнэ гэдэг тоосонд нь дарагдана, хөлсөнд хүрнэ гэсэн үг биш. Шандаст хурдан хүлгийн хөлийн хурдыг нүдээр үдэж, сэтгэл юугаа баясгах явдал. Уралдаад ирж байгаа хурдан ажнайн туурайн төвөргөөн угаас хийморь сэргээж, наадам үзсэн хэний ч сэтгэл огшиж, болж бүтэхгүйн будант манан сарнидаг гэдэгт би итгэдэг.
Баян ходоодод орчихоод баахан урамгүй шогшуулж яваа даага харсан ч хийморь сэргэнэ дээ. Тэр “нөхөр” эрт орой хэзээ нэгэн цагт соёолон болно, эсхүл соёолон азарганы төл ч байж болох. Үнэн хэрэгтээ хийморь гэдэг Хүй долоо худагт бус хүний сэтгэл зүрхэнд байдаг юм.
Тиймээс заавал тоосонд нь “дарагдаж, хөлсөнд нь хүрэх гэж моринд өшиглүүлчих гээд эсхүл унаач хүүхэд унагачих гэж тэвдэлгүй, соёолонгийн тоосонд соёлтой дарагдъя ард түмэн минь.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ