Г.Доржзодов Ц.Оюунгэрэлийн гэрт амьдарч байгаа

Улсын Их хурлын 2016 оны сонгуулийн өмнө Монгол Ардын намын удирдлагууд 60 тэрбум төгрөг босгож төрийн албыг хэрхэн хуваарилаж байгаа талаарх ярианы бичлэгийг хийсэн гэх иргэн Г.Доржзодовыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа. Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасан өнөөдөр /2017.07.25/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Энэхүү 90 минутын бичлэгийг олон улсын шинжээчид эвлүүлэг биш гэдгийг нотолсон. Ийм байтал уг бичлэгт дуу хоолойгоо оруулсан М.Энхболд, Ц.Сандуй, түүний зөвлөх Ганбаатар нарыг хууль хяналтынхан шалгалтын ажиллагааг огт явуулахгүй байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчийн дүгнэлт байна. Гэрч Доржзодовын мэдүүлэг байна. Ийм шалгах үндэслэл байгаа хэдий ч хууль хяналтынхан шалгахгүй юм. Харин эрх баригч намын гишүүд гэрч болох Г.Доржзодовыг хууль бусаар баривчлах гэж цагдаа, хуулийн байгууллагыг ашигласан. Г.Доржзодовт эрүү үүсгэх эрх байхгүй” хэмээв.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг хуулийн байгууллагын удирдлагуудыг шинэчлэхийг шаардаж буйгаа хэвлэлийн хурлын төгсгөлд онцлов.
Иргэн Г.Доржзодов аюулгүй байдлаа ханган УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт түр амьдарч буй аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ