Н.Энхбаяр: Валютын сан ДӨРВӨН зүйлийг анхааралтай ажиглаж байгаа

img

 Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Н.Энхбаярийг эксперт буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

- Эдийн засагт ногоон гэрэл ассан гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн. Ногоон гэрэл ассан гэдгийг юугаар тодотгож байна вэ. Ер нь өнгөрсөн жил гаруй хугацаанд эдийн засагт бодитой ямар өөрчлөлт гарсан гэж Та дүгнэж байна вэ?

 

- Өнгөрсөн намар Засгийн газар байгуулагдсаны дараа УИХ-аас авсан анхны үүрэг бол Эдийн засгийн сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх байсан.

 

УИХ-аас энэ хүрээнд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг өгсөн. Үүнээс хойш долоон сар гаруй хугацаа өнгөрч байна. Мөн ОУВС-тай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг тохироод хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хоёр хөтөлбөр аль, аль нь хоорондоо уялдаатай. Богино хугацаанд эдийн засгаа тогтворжуулах хөтөлбөрүүд.

 

Өмнөх жилүүдэд эдийн засгийн бодлогоо бид алдсан учраас богино хугацаанд эдийн засгаа тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байсан. Энэ хүрээнд Засгийн газар энэхүү хоёр хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байна.

 

Дотоодын зах зээлд нийлүүлж буй мөнгө ямар үр дагавартай гэдгийг өнгөрсөн хугацаанд Засгийн газар ч, Монголбанк ч ойлгоогүй. Төсөв, мөнгөний систем хоёулаа их хэмжээний тэлэлт хийснээс болж эдийн засгийн эрүүл байдал алдагдаж, доголдож эхэлсэн.

 

Энэ байдлыг буцааж залруулж, зөв голдрилд оруулахаар одоо ч ажиллаж байна. Макро эдийн засгийн алдааг зөв голдрилд оруулахын тулд ОУВС-гаас тодорхой шаардлагууд заасны нэг нь Монголбанкны бие даасан хараат байдлыг хангаж, Засгийн газрын удирдлагаар ажиллахгүй байхыг анхааруулсан.

 

Энэ хүрээнд Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж байна. Гол сургамж улсын төсөв болон Төв банкнаас хэрэгжүүлж байгаа мөнгөний бодлого хоорондоо хэрхэн уялдах ёстой юм бэ гэдгийг маш сайн ойлгох ёстой. ОУВС-гийн хөтөлбөр болон Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрт төсвийн зарлагын хязгаарыг заасан. Үүнийг л баримталж ажиллах ёстой.

 

Тухайлбал, ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл төсвийн зарлагын дээд хэмжээ ДНБ-ий 34 хувиас хэтрэхгүй, төсвийн алдагдал 9.5 хувь байх ёстой. Энэ хязгаараа барьж чадвал төсөв эрүүлжих тал руу орно. Төв банк бодлогын хүүг аажмаар зөөлрүүлэх хандлага руу шилжиж байна. Энэ нөхцөлд ирэх оны төсөв ямар байх вэ гэдэг маш чухал. Тодруулбал, мөнгөний бодлоготой хамт төсвийн бодлогоо зөөллөж болохгүй. Өмнө нь гаргасан алдааг давтах эрх байхгүй шүү дээ.

 

Дэлхийн улс орнуудын мөнгөний нийлүүлэлтийг харахад жилийн мөнгөний нийлүүлэлтийн өсөлт 20-иос доош хувьтай байгаа улс орнуудын эдийн засаг тогтвортой байна. Харин 20-иос дээш хувь, хурдан өсөлттэй байгаа орнуудын эдийн засаг дандаа асуудалтай, өрөндөө баригдсан Португал, Испани, Грек эсвэл Латин Америкийн улсууд байх жишээний.

 

Тэгэхээр мөнгөний нийлүүлэлтийг хэт өсгөхгүйн тулд Засгийн газар төсвөө тэлэхгүй байх ёстой. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж байгаа энэ цаг үед төсвийн сахилга бат чанга байлгах хэрэгтэй. Мөнгөний бодлогоо бага зэрэг тэлж, зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг сайжруулах арга хэмжээг авах хэрэгтэй. Энэ бол зайлшгүй ирэх оны төсөвт анхаарах ёстой гол алхам байх ёстой.

 

- Засгийн газар Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хүрээнд төсөвт нэлээд шинэчлэл хийж чадсан гэж тайлбарлаж байгаа. Хагас жилийн эдийн засгийн нөхцөл байдлын мэдээллийг харахад орлого нэлээд өсөлттэй байгаа хэдий ч зарлага тэр хэмжээгээр өссөн байна. Тэгэхээр төсвийн шинэчлэл бодит байдал дээрээ үр дүнгээ өгч чадсан уу?

 

- Засгийн газрын ганц бие даан шийдэж байгаа зүйл бол улсын төсөв. Үндэсний аудитын газрын өнгөрсөн оны төсөвт хийсэн шалгалтын дүгнэлтэд орлогоо бодитой төлөвлөдөггүй байсныг дурдсан байна. Түүхийн эдийн үнээ бодитой төлөвлөөгүйгээс орлого бодитой биш байдаг. УИХ төсөв хэлэлцэх үед зэсийн үнэ эсвэл экспортлох биет хэмжээг нь нэмчихдэг байсан. Үүнээс болж орлого талдаа хэт өөдрөг төсөв болдог.

 

Тухайлбал 2015 оны төсвийн орлогыг 13 сараар тооцчихсон. Гэтэл байдал дээрээ 13 биш 11 сарын л орлого жилийн эцэст төвлөрсөн байна. Өөрөөр хэлбэл, төсөвт төлөвлөж байгаа орлого маш зөрүүтэй байснаас дутагдалтай орлогоо дотоодод бонд гаргаж юм уу, эсвэл гадаад зээлээр нөхөж ирсэн. Энэ байдал нь эцэстээ өрийн дарамтад оруулж, эдийн засгаа сүйтгэж байна. Энэ оны хувьд орлогын бүрдэлт харьцангуй сайн байгаа нь төсвийн төлөвлөлтөд ямар нэгэн байдлаар ахиц гарсан гэдэг нь харагдаж байна.

 

- Төсвийн орлого зургадугаар сарын байдлаар 500 гаруй тэрбумаар давсан. Үүнд нүүрсний экспорт нөлөөлсөн төдийгүй цаашид нүүрсний экспортын биет хэмжээ өснө гэж шинжээчид таамаглаж байна. Энэ хэрээр төсвийн орлого бүрдүүлэлтэд өөрчлөлт орох уу?

 

- Оны эцэст нүүрсний экспорт 40 сая тонн хүрнэ гэж зарим хүн ярьж байгаа. Гэхдээ миний бие үүний эсрэг байгаа.

 

Учир нь одоо нүүрсний орлогод найдаж хөөрцөглөх цаг биш. Манайд дэд бүтэц хангалттай хөгжөөгүй, худалдан авагч тал нь хэдий хэмжээний нүүрс авахаа шийдэж байгаа учраас бид том дуугарах эрхгүй. Өнөөгийн төвшинд төсөвт нэлээд болгоомжтой төлөвлөлт хийх ёстой.

 

- Нүүрсний зах зээлийн таатай байдлыг ашиглаж том төслүүдийг хөдөлгөх боломж Засгийн газарт байна уу. Тавантолгой орд, төмөр замын төсөл ч юм уу?

 

- Нүүрсний зах зээлийн ойрын хугацааны төлөвийг харахад манай улсын гол худалдан авагч БНХАУ-ын гангийн хэрэглээ өсөх магадлал байна. 

 

Учир нь, Дэлхийн гангийн холбооны судалгаагаар 2018, 2019 онд дэлхийн гангийн хэрэглээ 1 хувиар нэмэгдэнэ гэдгийг мэдээлсэн. Энэ нь маш том өсөлт. Үүн дотроо Хятадын гангийн хэрэглээ өндөр байгаа. Гангийн хэрэглээ дэлхий болон Хятадад нэмэгдэнэ гэдэг нь коксжих нүүрсний эрэлт байна гэсэн үг. Бид энд төлөвлөхдөө иймэрхүү бодит судалгааг эшлэл болгох ёстой. Харамсалтай нь, өнөөдөр нүүрс, зэс ч юм уу эрэлт ихтэй байгаа бүтээгдэхүүнийг автомашинаар зөөж байгаа улс манайхаас өөр дэлхийд хаана ч алга.

 

Нүүрсний экспортоороо тэргүүлж байгаа Бразил, Канад, Чех, Австралийн нүүрс тээвэрлэж байгаа технологи нь цаг, минутаар хэмжигдэж байна. Бразилд гурван км урт вагоноор төмрийн хүдэр экспортолж, цаг минутын графикийн хурдаар ажиллаж байна. Гэтэл манайд автомашинаар тээвэрлэж байгаа цагийн графикийг харахад нүүрс тээвэрлэсэн автомашин өчнөөн цаг хил дээр дарааллаж байна. Бид 10 хоногийн автомашинаар тээвэрлэх тухай ярьж байхад дэлхий улсууд 2-3 хоногийн дотор вагоноор маш их хэмжээний тээвэрлэлт хийх тухай ярьж байна.

 

Бид дэд бүтцийн асар том дутагдалтай явна. Ядаж олон улсын тээвэрлэлтийн логистиктой болохгүй бол өнөөдрийн 30, 40 саяын нүүрсний экспорт ирэх жил дахиад 10, 15 руу унахыг үгүйсгэхгүй.

 

- Энэ жил Засгийн газрын төвшинд ярьж байгаа дэд бүтцийн төсөл байхгүй юу. Төмөр замын төсөлд ахиц байна уу?

 

- Энэ жилийн хувьд Гашуунсухайтын боомтын тээвэрлэлтийг хурдан, саадгүй болгоход чиглэсэн ажлыг хийж байна.

 

Хил гаалийн ажиллах цагийг уртасгаж, хурдтай болгож байна. Төмөр замын төслийг эхлүүлье гэхээр өмнө төслийн дутуу ажил их байгаа. Ажлыг нь үргэлжлүүлээд явъя гэхээр байгаа зураг төсөл нь хилийн цэгтэйгээ зөрчихсөн. Хилийн цэгээ тохируулах асуудлыг урд хөрштэй хийх шаардлагатай байгаа.

 

Энэ чиглэлд Зам тээвэр хөгжлийн яам анхаарч байгаа байх. Хилийн цэгээ тохирсны дараа зураг төсөл, ТЭЗҮ дахин хийгдэнэ. Үүнээс хамаарч төмөр замын өртөг өөрчлөгдөнө. Өмнөх төслийн зураг төсөлд тусгасан хилийн цэгээр нь манай тал дур мэдэн шийдвэл 30 гаруй сая ам.долларын нэмэлт өртгөөр гүүрэн байгууламж барина гэсэн тооцоолол байгаа. Үүнээс хамаарч төмөр замын өртөг өөр болох эрсдэл бий.

 

Тиймээс урьдчилаад зураг төсөл, ТЭЗҮ шийдэхгүй бол гацах байдал орчихоод байгаа. Эдгээр бол урт хугацаанд ашигтай байх ярих төслүүд юм.

 

- Богино хугацаа ашигтай байх төсөл гэвэл…

 

Богино хугацаанд ашигтай байх төсөл гэвэл алт байна. Дэд бүтэц шаардагдахгүй, эзэмшигч нь бэлэн байгаа. Олборлолт хийхэд л байгаль орчны асуудлууд бий. Түүнээс богино хугацаанд үр ашгаа өгөх дэд бүтцийн том төсөл алга.

 

- Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд гурван жилийн хугацаанд 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээс хоёр орчим тэрбумыг нь төсөл хөтөлбөрт зарцуулах тооцоотой. Санхүүжилт хийх төсөл хөтөлбөр бэлэн үү?

 

- Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд дэмжигч байгууллагуудтай хийсэн зээлийн хэлэлцээрийг Засгийн газар хэлэлцээд УИХ-д өргөн барьсан.

 

Азийн хөгжлийн банк банк санхүү, дэд бүтэц гэсэн 2-3 төсөл, Дэлхийн банкны эрчим хүч дэд бүтцийг хөгжүүлэх төслүүд байгаа. Намрын чуулганаар зээлийн хөтөлбөрийн хэлэлцэн баталснаар төслүүд хэрэгжинэ. Бүх зориулалтыг санхүүжүүлэгч байгууллагууд цаанаасаа заасан байгаа. Японы Засгийн газраас авах 850 сая ам.долларын зээлийн зарцуулалтын бодлогын тохироог Сангийн яам, Монголбанк, Японы талаас ЖАЙКА-гийн төлөөлөл ярилцаж шийднэ.

 

Японы Засгийн газрын зээл илүү төлбөрийн тэнцлийг сайжруулах чиглэлд зарцуулагдана. Бодит салбарт чиглэсэн гэвэл Хятад, Энэтхэгийн Засгийн газрын зээлүүд байгаа. Энэтхэгийн зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барих бол Хятадын зээлээр гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх төсөлд зарцуулахаар тохирсон.

 

- Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Засгийн газар хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох шийдвэр гаргалаа. Энэ ОУВС-гийнхантай тохирсон бодлогын нөхцөлийг зөрчсөн үйлдэл болсон уу?

 

- Дэлхийн банкнаас нийгмийн халамжийн бодлогыг сайжруулах чиглэлд хийсэн тайлангийн дүгнэлтэд хүүхдийн мөнгө байх ёстой гэж үзсэн байдаг. Гэхдээ бодлогын хувьд зөв гарцыг олох ёстой гэж үзсэн. 

 

Хүүхдийн мөнгө нь нийгмийн халамж юм уу, баялгийн хуваарилалт юм уу гэдгийг тодорхойлох хэрэгтэй гэж зөвлөсөн. Хэрвээ хүүхдийн мөнгө олгох нь нийгмийн халамж бол хязгаар тогтоож, эмзэг бүлгийнхэнд олгодог байж болно. Харин баялгийн хуваарилалт юм бол хэн нэгнийг ялгаварлалгүйгээр бүх хүүхэд хүүхдийн мөнгө авах хэрэгтэй гэж тодорхойлж байсан. Гэтэл өнөөдөр манайд хүүхдийн мөнгө бие даасан хуулиар зохицуулагдаагүй учраас энэ хоёр ойлголтыг холиод байгаа. Нэг бол 40 хувьд нь олгож байгаад ялгаварлахгүйгээр бүгдэд нь өгөх ёстой гэсэн шийдвэр гаргасан.

 

Тэгэхээр энэ чиглэлд УИХ-аас нарийвчилсан ойлголтыг нь тогтоож, цаашид гол ялгааг тогтоох ёстой. Энэ оны төсөвт нийтийн хүүхдийн 40 хувьд тооцож хүүхдийн мөнгөний санхүүжилтийг зардалд суулгасан байгаа. Гэтэл зургадугаар сараас эхлэн бүх хүүхдэд олгож эхэлж байгаа учраас ирэх сараас эх үүсвэр дутна.

 

Тэгэхээр Засгийн газар УИХ-д хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг нэмэх саналаа төсвийн тодотголоор өргөн барьж батлуулах шаардлага үүсч байгаа. Өнөөдрийн нөхцөлд батлагдсан төсвийнхөө хүрээнд ажиллаж байгаа. Дээр нь Засгийн газар төсвийн давсан орлого хүүхдийн мөнгө олгоход хүрэлцэж байгаа, эсэх саналаа УИХ-д хүргүүлж, гишүүдэд итгэл үнэмшилтэйгээр тайлбарлах ёстой.

 

- Валютын сангийн хөтөлбөртэй зөрчилдөх үү гэдэг гол асуулт юм. Валютын сангийн төлөөлөгчид энэ асуудлаар Улаанбаатарт ирсэн гэж сонссон. Ер нь Валютын сангаас хүүхдийн мөнгөний талаар гаргасан Засгийн газрын шийдвэрт ямар нэгэн хариу өгсөн үү?

 

- Валютын сангаас нэр зааж үүнийг боль, тэрийг хий гэж заагаагүй. Нийгмийн халамжийг тодорхой зорилтот бүлэг рүү чиглүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Энэ чиглэлд Дэлхийн банк илүү анхаарч ажиллаж байгаа.

 

Валютын сангийн зүгээс улсын төсвийн зардлын хязгаар, орлогын бүрдүүлэлт, төсвийн алдагдал, гадаад өрийг маш анхааралтай ажиглаж байгаа. Эдгээр үзүүлэлтийг тохирсон, 2017 оны батлагдсан төсвийн төвшиндөө барих ёстой. Ингэж чадвал хамтын ажиллагаанд асуудал үүсэхгүй.

 

Хэрвээ төсвийн тохирсон төвшнөөс хэтэрвэл зөрчил үүснэ.  Тэгэхээр хэрвээ төсөвт суугаагүй төлөвлөөгүй зардал гаргаж байгаа бол буцаад тодорхой хэмжээний зарлагаа бууруулах ёстой.

 

Ойрын жилд зарлага талдаа маневр хийх боломж дутмаг байгаа. Учир нь, нийт зарлагын дийлэнх нь зээл, хүүгийн төлбөрт явж байгаа энэ үед хөрөнгө оруулалтаа хасахаас өөр боломжгүй байгаа.

 

- Валютын сангийн төлөөлөгчид юун дээрээ тулгуурлан шалгалтаа хийх вэ. Шалгалтын дүн дараагийн олгох санхүүжилтэд нөлөөлөх үү?

 

- Валютын сангаас хагас жилийн байдлаарх тоон мэдээллээ цуглуулахаар ирсэн гэж ойлгож байгаа.

 

Бусад улсад хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцаас харахад хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойшхи гурван сарын эцсээр ирж тоон мэдээллээ авч, хэрэгжилтийн тайлангаа нэгтгэсний дараа Валютын сангийн Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлдэг.

 

Өнгөрсөн гурван сарын алдаа оноо нь юу байна, цаашид анхаарах зүйлсийг хэлдэг. Тэгэхээр манайд албан ёсны хяналтын баг наймдугаар сарын сүүлээр ирж ажиллах болов уу. 

 

Валютын сангаас хийх санхүүжилт гурван сар тутамд нэг удаа хийх хуваарьтай байгаа. 

 

- 2017 он гарсаар гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж байна уу. Хөрөнгө оруулалт хийгдсэн гээд нэрлэчихээр төсөл, компани байгаа болов уу?

 

- Нарийн тоон мэдээлэл Монголбанкин дээр гарч байгаа. Хөрөнгө оруулалт хийж байгаа бодитой компани гэвэл "Рио Тино"-г нэрлэж болно.

 

"Тио Тинто" компани Өмнөговьд дахин шинээр зэс, алтны хайгуул хийж эхэлсэн. Уул уурхайн хайгуулын ажил маш үнэ, өртөгтэй. Үнэтэй ажлыг эдийн засаг тааруу үед хийхгүй шүү дээ. Тэгэхээр ирэх 3-4 жилийн эдийн засгийн байдалт итгэсэн хөрөнгө оруулагч л том хэмжээний хайгуулын ажил эхлүүлнэ. Хоёрт, геологи хайгуулын тандалт судалгаа итгэл үнэмшил төрүүлсэн нь гарцаагүй байна. Энэ бол Монголд хийгдэж бас нэгэн бодитой гадаадын хөрөнгө оруулалт болж байгаа.

 

- Санхүүгийн зах зээлийн байдлыг харахад банкны систем дэх чанаргүй зээлийн хэмжээ өндөр байна. Нөгөө талд зарим банкуудын актив муудаж байгаа гэж зарим шинжээч ярьж байна. Энэ нь нийт системдээ хэр эрсдэлтэй вэ?

 

- Зээлийн чанарын ихэсч байгаа нь цөөн хэдэн салбарт төвлөрч зээл олгосонтой холбоотой байна. Эдийн засаг сайн байх үед уул уурхай, барилгын салбарт их хэмжээний зээл олгосон. Эргээд эдийн засаг саарахад эдгээр салбарын зээл муудах хандлагатай байна. Тэгэхээр банкууд судалгаатай, зээлийн багцаа зөв сонгож, төрөлжүүлэх шаардлагатай гэдэг нь харагдсан. Дээр нь, дотооддоо өрсөлдөөн бий болгох нэрээр маш олон арилжааны банк байгуулагдсан, өнөөдөр 14 банк байна.

 

Хаврын чуулганаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэх үеэр дотоодын банкны активын чанарыг ярих үеэр 2-3 эргэлзээтэй банк байна гэдгийг дурдаж байсан. Уг нь банкууд системийнхээ хэмжээнд ярилцаж байгаа чанаргүй активуудыг шийдэж болно. Японд 2000 оны эхээр банк санхүүгийн байгууллагад маш том шинэчлэлийг хийсэн.

 

Эдийн засаг нь зогсонги байдалд орсон байхад Төв банк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад банкуудаа хооронд нь нэгтгэх арга хэмжээг авсан шүү дээ. Токио Мицүбиши зэрэг том хүчирхэг банк тэр дундаас гарч ирсэн. 

 

Хүчээр нэгтгэх биш, банкууд өөрсдөө хоорондоо ойлголцоод нэгдэж, активын чанараа сайжруулах хэрэгтэй.  Харин төрөөс зүй зохистойгоор нэгдэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй.

 

- Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд банкуудад активын чанарын үнэлгээ хийнэ. Шалгалтын дүнд чанаргүй активтай банкуудыг шууд зарлачих юм биш үү?

 

- Хуулиараа сонголт нь маш бага. Төв банк хуулийн хүрээнд банкны лицензийг нь түдгэлзүүлэх л арга байгаа.

 

Энэ тохиолдолд хувийн хэвшил талдаа хүндрэлтэй байдаг. Тиймээс гурав дахь сонголтыг олгож, бусад банктай нэгдэж активын чанараа сайжруулах сонголтыг олгох хэрэгтэй. Банкууд нэгдэж томроод активын чанар сайжирвал том төслүүдэд хөрөнгө оруулах чадвартай болно.

 

Мөн банкууд том төсөлд хамтарсан санхүүжилтийн зарчмаар оролцвол эрсдэлээ хуваалцахад чухал үүрэгтэй байдаг. Энэ зарчмыг л практик нэвтрүүлэх шаардлага Монголын банкуудын өмнө ирээд байна.

 

- Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: itoim.mn, Э.Мөнхцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOCNIN:
UULAASAANYYRSNII YNE OSCN OLON ULSIIN VALYUTIIN SANGIIN ZEELIIG AWAHGYIGEEREDIIN ZASAG SEHEJ L BSAN ene san mongoplcnuudaas hyytei mongoo ersdelgyi awah gej mon cn olon yumiig tanuulj bna daa
2017-07-26