Гэр бүлийн 5 хүний амь аварсан залууг олжээ

Сонгинохайрхан дүүргийн Х хороо, Баянхошууны тойрог орчимд 40 тоннын чингэлэг суудлын автомашин дээр унаж, нэг хүн, хоёр хүүхэд дарагдаж, бэртсэн осол /2017.07.16/ гарсан.
Ослын улмаас нэг гэр бүлийн таван хүн хүнд гэмтсэн бөгөөд тэдэнд анхны тусламж үзүүлж, хүүхдүүдийг нь үхлийн аюулаас аварсан залууг олж уулзахыг хүсч буй тухайгаа иргэн Д.Мөнхбаатар хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурдсан юм.
Тэдэнд анхны тусламж үзүүлсэн Б.Түмэнбаяр гэх залууг Д.Мөнхбаатарын гэр бүлийнхэн олж уулзжээ.
Б.Түмэнбаяр нь 26 настай бөгөөд "Шинэ Анагаах Ухаан" сургуулийг 2015 онд Хүний их эмч мэргэжлээр төгссөн аж. Өдгөө Яаралтай тусламжийн төв 103-т эмчээр ажилладаг байна. Тэрбээр осол гарсан тухайн өдөр ээлжнээсээ бууж яваад чингэлэгт даруулсан эмэгтэйг долоон сартай сартай нярайн хамт гаргаад 7 болон 15 настай хүүхдүүд амьсгал зүрх судасны дутагдалд орж ээлж дараалан ухаан алдахад хиймэл амьсгаа, цээж шахалт хийж сэхээн амьдруулсаар түргэн тусламжийн машин ирсэн даруйд шаардлагатай тариануудыг хийж, хүчил төрөгч залгаж амжжээ.
Ийнхүү Б.Түмэнбаяр гэх залуу нэг гэр бүлийн таван хүний амийг аварсан байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ