Будапешт-2017: ДАШТ-ий эхний өдөр манай элэг нэгтнүүд

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглож байгаа МУГТ эхний тойрогтоо хийлсэн юм. Харин түүний жинд харь орны өмнөөс манай хоёр ч элэг нэгтэн барилдсан. Эхлээд Азарбайжанын эрийн өмнөөс барилдах болсон Эрдэнэбатын Базаррагчаа эхний шатандаа Румын тамирчин Александра Поптой барилдлаа. Тэрбээр барилдааны эхэнд хоёр ч шидо буюу торгуулийн оноогоор торгуулсан.
Улмаар барилдаан дуусахаас өмнө үнэлгээ салгах оролдлого нь амжилттай болж, сүүлийн минут үргэлжилж байхад өрсөлдөгчөөсөө юуко үнэлгээгээр илүү гарч чадсан. Харамсалтай нь барилдааны эхэнд авсан хоёр шидо буюу торгууль нь түүнийг хөөдөж, барилдаан дуусахад ердөө 13 секунд үлдээд байхад гурав дахь шидогоо авснаар ялагдал хүлээсэн юм.
Харин түүний араас мөн 2015 оноос эхэлж Казахстан улсын нэрийн өмнөөс барилдах болсон тус жингийн гол фаворит Г. Отгонцэцэг татамид гарсан. Тэрээр эхний барилдаандаа Италийн бөх Франсеска Миланитай учраа таарсан юм. Барилдааны эхнээс Г. Отгонцэцэг барилдааны санаачлагыг аван барилдаж байсан юм. Тиймдээ ч барилдаан дуусахад 2 минут гаран хугацаа үлдээд байхад дэвжээний шүүгч Итали бүсгүйг шидогоор торгосон. Гэхдээ үндсэн цагтт хоёр бөх хэн хэн нь үнэлгээ аваагүй учраас алтан оноогоор бүхнийг шийдэх болсон. Алтан онооны барилдаан эхлээд минут гаран хугацаа өнгөрч байхад Италийн бөхөд хоёр дахь шидо очсоноор Г. Отгонцэцэг эхний учраагаа давсан юм.
Б. Энх-Амгалан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ