Орос цэргүүд энгийн иргэдийн аминд хүрчээ

Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлд цохилт өгч буй ОХУ-ын Засгийн газрын цэргүүд өчигдөр Дейр Эззор хотноо агаараас цохилт өгсөн талаар “www.channelnewsasia.com” сайт мэдээллээ.
Тэгвэл уг цэргийн ажиллагааны үеэр Сирийн 34 энгийн иргэн амиа алдсан гэнэ. Энэ талаар Их Британи дахь Сирийн Хүний эрхийн байгууллагаас баримт нотолгоо дээр суурилж, олон нийтэд мэдэгдсэн байна.
Оросуудын цохилт өгсөн бүс нутгуудад террористууд бус Сирийн сөрөг хүчний дэмжигчид голлон амьдардаг аж. “Амиа алдагсдын дунд есөн хүүхэд бий” хэмээн тус байгууллагаас мэдээлэв.
Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын хүсэлтээр ОХУ өнгөрсөн 2015 оны есдүгээр сараас тус улсад цохилт өгөх болсон. Гэхдээ Оросыг террористууд бус Ассадыг төрөөс унагаахаар тэмцэж буй сөрөг хүчнийхэнд цохилт өгдөг хэмээн олон улс буруутгадаг билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ