Курдистан тусгаар тогтнож чадах уу

img

Иракийн бүрэлдэхүүнд багтдаг автономит Курдистан бие даасан тусгаар улс болохоор бүх нийтийн санал асуулга зохион байгуулахаа энэ сарын эхээр Багдадын эрх баригчдад мэдэгдсэн билээ.

 

 

"Уг бүх нийтийн санал асуулга Иракт тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй" хэмээн НҮБ урьдчилан сануулсан боловч Курдистаны эрх баригчид "Тусгаар улс болох" асуудлаар бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэгвэл санал асуулга амжилттай өндөрлөж, өдгөө иргэдийн саналыг тоолж эхэлсэн талаар Курдистаны Засгийн тэргүүн Масуд Барзани мэдэгдэв.

 

Тэрбээр "Энэхүү санал асуулга бол Курдистаныг тусгаар улс болохыг эсэхийг шийдэх хамгийн чухал алхам. Бид иргэдийнхээ дэмжлэгийг авч чадсан цагт Тусгаар тогтнолын асуудлаар дараа дараагийн алхмуудыг хийж, яриа хэлэлцээрүүдийг зохион байгуулна" гэж хэлжээ.

 

Курдистанд нийт 5.3 сая иргэн бүртгэлтэй байдаг бөгөөд дээрх санал асуулгад иргэдийн 72 хувь нь саналаа өгчээ. Саналын хуудас дээр “Та Курдистан болон Курдистанаас гадна орших газар нутгийг тусгаар улс болохыг дэмжиж байна уу?” гэх асуулттай аж.

 

Иргэдийн идэвх сайн байгаа талаар Сонгуулийн хороо мэдэгдсэний дараахан нийслэл Киркик хотноо иргэд баярын жагсаал зохион байгуулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ