Ирак: Курдистанд болсон санал асуулга хууль бус

Иракийн автонамит муж болох Курдистанд өчигдөр “Тусгаар улс” болох асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулсан билээ.
Курдастинд нийт 5.2 сая иргэн бүртгэлтэй байдаг бөгөөд санал асуулгад иргэдийн 72 хувь нь оролцжээ. “Санал хураах байрууд хуваарийн дагуу ажилласан, ямар нэгэн булхай болон гэнэтийн террорист халдлага болоогүй” хэмээн Сонгуулийн хорооноос мэдээлсэн юм. Одоогоор саналын хуудсыг тоолж буй бөгөөд удахгүй нийтэд урьдчилсан дүнг танилцуулах гэнэ.
Курдистаны тэргүүн “Иргэдийн ихэнх нь тусгаар улс болохыг дэмжсэн” гэж мэдэгдсэн талаар “www.timesofisrael.com” сайт мэдээллээ.
Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абади Курдистаны бүх нийтийн санал хураалтыг “хууль бус” хэмээн мэдэгдэж “Курдистанчууд тусгаар улс болохыг дэмжсэн ч бай дэмжээгүй ч бай Багдад энэхүү санал асуулгын дүнг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Санал асуулга улс оронд үүсээд буй хямралыг улам өдөөн турхирч, тусгаар улсын аюулгүй байдалд заналхийлэх эрсдэлтэй” хэмээн мэдэгджээ.
“Санал асуулгын дараа Курдистан тусгаар улс болохоор тэмцэж эхэлвэл бид хариу тэмцэх болно” хэмээн Ерөнхий сайд мэдэгдлийнхээ үеэр онцлон тэмдэглэв.
Мөн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өчигдөр Курдистанд болсон бүх нийтийн санал асуулгыг мөн “хууль бус” хэмээгээд “Саналын дүнг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ