Монгол-Оросын экспортыг 50:50 хувь болгоно

img

 

“Монгол, Оросын хамтын ажиллагаа” эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр болж байгаа. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 96 жилийн ойд зориулсан “Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд 2017” арга хэмжээ энэ сарын 2-5-нд болно. Үүний хүрээнд Монгол Улсын Засгийн Газар, ОХУ-ын Холбооны зөвлөл, Төрийн Думын дэмжлэгтэйгээр “Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017” эдийн засгийн чуулга уулзалт  Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байгаа юм.

 

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн Монгол, Оросын парламентын бүлгийн дэд дарга, чуулга уулзалтыг зохион байгуулах Монголын талын ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан, Уулзалтыг нээж чуулга уулзалтыг зохион байгуулах Оросын талын ажлын хэсгийн дарга, ОХУ-ын Холбооны зөвлөлийн эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга, Олон улсын хамтын ажиллагааны ассоциацийн ерөнхийлөгч Калашников нар үг хэлсэн юм. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргилоос зарим зүйлийг тодрууллаа.

 

Ц.Мөнх-Оргил: Евразийн эдийн засгийн холбоотой хамтран ажиллана

 

-Хоёр орны эдийн засгийн уулзалтаар ямар асуудлуудыг шийдвэрлэх вэ?

 

-Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод Орос, Монголын найрамдлаар амьсгалж байна. Маргааш “Евразийн эдийн засгийн хамтын ажиллагаа-2017” бизнес уулзалт болно. Хоёр орны харилцаа түүхэнд улс төр, соёл, боловсролын салбарт маш их хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Харин эдийн засгийн харилцаа хоцрогдолтой байдаг. Өнөөдрийн чуулга уулзалтын зорилго нь 3700 гаруй километр хил залгаа нутаг, уламжлалт найрсаг харилцаа, бие биенийхээ итгэл, найрамдлыг эдийн засгийн хамтын ажиллагаа руу хэрхэн чиглүүлэхэд оршиж байна. Нааштай үзүүлэлтүүд байгаа. Жишээ нь, энэ оны эхний долоон сарын байдлаар Орос, Монголын худалдаа 705 сая ам.долларт хүрсэн. Үүнийг өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал 37 хувиар өссөн. Үүний  80 хувийг ОХУ-ын экспорт, 20 хувийг манай улсын экспорт эзэлж байна. Уулзалтаар худалдааг хэрхэн тэнцвэржүүлж, Орос, Монголын экспортыг тус бүр 50 хувь болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулна.

 

-Уулзалтын эхэнд эдийн засгийн таван асуудлыг авч хэлэлцэнэ гэж байсан. Энэ талаар арай дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

 

-Засгийн газар ОХУ-тай эдийн засгийн харилцааг бэхжүүлэхдээ үндсэн таван зүйлд анхаарлаа хандуулж байгаа. Нэгдүгээрт, эрчим хүчний хамтын ажиллагаа. Үүнд шинээр эрчим хүчний үүсвэр барих, хотод байгаа эх үүсвэрээ шинэчлэх, засварлах, Монголын эрчим хүчний нэгдсэн сүлжээг илүү боловсронгуй болгох, ОХУ, БНХАУ-ын системээр холбон, эрмич хүчний томоохон сүлжээ байгуулах. Хоёрдугаарт, төмөр замын тээврийн асуудал. Үүнд Улаанбаатар төмөр замыг шинэчлэх, шинэ төмөр зам барих тухай асуудал багтаж байна. Гуравдугаарт, Евразийн эдийн засгийн холбоотой хамтран  гэрээ байгуулах. Хүмүүс Евразийн эдийн засгийн холбоотой хамтран ажиллана гэхээр гишүүнээр элсэх гэж байгаа гэж ойлгоод байх шиг байна.Тийм зүйл байхгүй. Бид чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах гэж байгаа юм. Ингэснээр бидний тарифийн хүндрэл багасна. Тарифын хүндэрлээс илүү Орос, Монголын харилцаанд саад болж буй зүйл нь тарифын бус хязгаарлалт. Үүнд стандарт, ариун цэвэр, мал эмнэлгийн шаардлага нийцдэггүй. Маргааш болох чуулгыг өндөрлөөд үргэлжлүүлэн “Евразийн эдийн засгийн хамтын ажиллагаа-2017” бизнес уулзалт болно. Уулзалтад Евразийн эдийн засгийн холбооны Мэргэжлийн хяналт буюу стандарт хариуцсан сайд, Зам тээврийн асуудал хариуцсан сайд нар оролцно. Мөн манай улсаас гурван сайд оролцно. Өнгөрсөн жилийн ажлаа дүгнэнэ, гурван санамж бичиг, нэг хэлэлцээрт гарын үсэг зурна. Дөрөвдүгээрт, Боловсрол, соёлын харилцааны асуудал. Монгол Улс ОХУ-аар дамжуулан Европын болон дэлхийн сонгодог соёлтой холбогдсон. Энэ харилцааг үргэлжлүүлнэ. Тавдугаарт, Улаанбаатар, Москва, Новосибирск, Эрхүү хотын хамтын ажиллагаанд Засгийн газар анхаарлаа хандуулна. Үүний ач холбогдол өндөр байгаа. Жишээ нь, Новосибирск хотын дарга уулзалтын үеэр “Новосибирск болон Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудал ижил. Улаанбаатар хотод баригдсан барилга ашиглалтаараа адил. Харин бидэнд Оросын байшингуудыг засварлах шинэ техник бий. Хоёрдугаарт, Оросоос өөр оронд байхгүй нэгэн технологи бий. Түүнийг Монголд нэвтрүүлье. Хасах хэмд барилгын ажлын бетон цутгалт хийдэг компани манайд бий. Энэ чиглэлээр хамтран ажиллая” гэсэн. Засгийн газрын зүгээс энэ бүхэнд анхаарч ажиллана.  

 

Сонирхуулахад, “Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд 2017” арга хэмжээний хүрээнд “Орос нутгийн аялгуу” урлагийн тоглолт болон “Вернисаж” фото зургийн үзэсгэлэн  өчигдөр болсон. Мөн “Алтан хальс” Оросын кино өдрүүд 10-р сарын 01-8-нд Монголын үндэсний олон нийтийн телевизээр гарах юм байна. Түүнчлэн “Найрамдлын цом” Монгол, Оросын өсвөрийн тамирчдын гимнастикийн тэмцээн маргааш Спортын төв ордонд болно. Үүнээс гадна “Орост үйлдвэрлэв” бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа“Мишээл экспо” төвд өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 5-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

 

Р.Дулам

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ