Ц.Баярцогтод оноосон торгуулийг хүчингүй болголоо

Замын цагдаагийн шаардлагыг үл тоож, доромжилсон иргэн Ц.Баярцогтын үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас холбогдох баримт, материалыг хянаад, шүүхэд хандсан. Ингэхдээ Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар торгуулийн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэн Цагдаагийн байгууллагаас оногдуулсан 250.000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд дүгнэлт хүргүүлсэн байна.
Прокурорын дүгнэлтийн дагуу замын хөдөлгөөнийг зохицуулж байсан цагдаа Ц.Отгонбаатар руу салаавч гаргаж, танхайрсан Ц.Баярцогтод холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр /2017.10.03/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүх хэргийг хэлэлцээд Ц.Баярцогтод оногдуулсан 250.000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ. Шүүхийн захирамжаар Ц.Баярцогтод оногдуулсан торгуулийн шийтгэлийг хүчингүй болгосноор прокуророос тухайн зөрчлийн хэргийг дахин хянаж, хуулийн дагуу шийдвэрлүүлэх боломж бүрдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ