Вашингтон, Сөүлийн нууц төлөвлөгөөг Пхеньян хакерджээ

АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан байлдааны төлөвлөгөө хакеруудын гарт орсон талаар албаны эх сурвалж мэдээллээ. Энэ талаар “CNN” агентлаг болон “www.telegraph.co.uk” сайтад нийтлэгджээ.
Хойд Солонгост явуулах цэргийн ажиллагааны талаарх АНУ, Өмнөд Солонгос улсын эрх баригчдын хамтарсан нууцын зэрэглэлд багтах байлдааны төлөвлөгөөг Хойд Солонгосын Засгийн газрын хакерууд хакердсан талаар Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейн гишүүн, эрх баригч Ардчилсан намын гишүүн Ри Чол Хи мэдэгдлээ.
Хакерууд өнгөрсөн оны есдүгээр сард дээрх нууц материалыг гартаа оруулсан гэнэ. Кибер халдлагыг мөрдсөн хоёр улсын хамтарсан баг нууц мэдээллийн сан дайралтад өртсөн болохыг тогтоосон аж.
Хакерууд Өмнөд Солонгосын талаас 235 төрлийн мэдээллийг хакердсан байна.
Энэхүү мэдээлэл дунд Хойд Солонгост явуулах цэргийн ажиллагаа, цөмийн зэвсэг, пуужингаа хадгалж буй байршлуудын мэдээлэл болон тус улсын залуу удирдагч Ким Чен Уныг хөнөөх төлөвлөгөө гэх мэт нууц материал багтаж байгаа талаар Ри Чол Хи мэдэгдлийнхээ үеэр цохон тэмдэглээд “Энэ мэдээллүүд Өмнөд Солонгосын аюулгүй байдалд шууд заналхийлэх боломжтой” гэж хэлжээ. Цэргийн төлөвлөгөө хакеруудын гарт орсон асуудлаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдээлэл хийхээс татгалзсан ч “АНУ цэрэг, байлдааны ажиллагааныхаа аюулгүй байдалд ихээхэн анхаарал хандуулдаг. Мөн Хойд Солонгос улсаас ирэх ямар ч аюул заналхийллийг зогсоох бүрэн боломж бидэнд бий” гэж мэдэгдэв.
Дээрх мэдээллийн дараа АНУ-ын Цагаан ордон “Ерөнхийлөгч Дональд Трамп болон Үндэсний аюулгүй байдлын агентлаг Хойд Солонгосын ямар ч заналхийллийн урдаас сөрөн зогсч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах болно. Хэрвээ тус улс АНУ болон холбоотон орнуудад аюул учруулвал хариу цохилт өгнө” хэмээн мэдэгдсэн ч нууцын зэрэглэлтэй материал хакердуулсан эсэх асуудлаар тайлбар хийгээгүй байна.
Хоёр улсын мэргэжилтнүүд хэдэн жилийн өмнөөс Хойд Солонгосоос ирэх кибер халдлагыг зогсоох мөн эзэнгүй кибер халдлагын эздийг олохоор ажиллаж буй билээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны дотоод сүлжээнд нэвтэрсэн кибер халдлагуудын ард “Пхеньян бий” хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа ч ямар нэгэн нотолгоо олоогүй байна.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Роберт Мэннинг мөн эрх баригчдынхаа адилаар хакер дайралтад өртсөн асуудлаар тайлбар хийгээгүй ч “Хойд Солонгосоос ирэх заналхийлэл улам нэмэгдэж байгаа” гэж мэдэгджээ.
Хойд Солонгос өмнө нь АНУ-ын томоохон төрийн болон хувийн байгууллагуудыг хакердаж байв.
Өнгөрсөн 2014 онд тус улс АНУ-ын хамгийн том кино үйлдвэрлэгч “Sony Pictures” компанийн дотоод сүлжээг Хойд Солонгосын Засгийн газрын захиалгаар хакерууд хакердсан хэмээн Вашингтон үздэг. Уг кибер халдлагаас хэдхэн долоо хоногийн өмнө тус компани Ким Чен Уныг устгахаар Пхеньянд очсон хоёр АНУ-ын тагнуулчийн тухай өгүүлсэн “Ярилцлага” гэх уран бүтээлийг нийтийн хүртээл болгосон билээ. Энэхүү киноноос болж Пхеньян дургүйлцлээ илэрхийлэн, “кибер халдлагын тусламжтай хариугаа авсан” хэмээн Вашингтон мэдэгдэж байсан удаатай.
Мөн Хойд Солонгос өнгөрсөн 2013 онд Өмнөд Солонгосын банкны систем болон телевизийн сувгуудыг хакердаж байжээ. Энэ оны дөрөвдүгээр сард дэлхийн 18 орны банкны системд халдсан томоохон хэмжээний кибер халдлага болсон билээ. Энэхүү халдлагын ард “Пхеньян бий” хэмээн ОХУ-ын кибер аюулгүй байдлын програм хангамж үйлдвэрлэгч “Kaspersky” компаниас мэдээлсэн юм. Хакерууд кибер халдлагын тусламжтай олсон мөнгөө Хойд Солонгосын цөмийн зэвсгийн туршилт болон баллистик пуужин үйлдвэрлэхэд зарцуулдаг байж болзошгүй талаар шинжээчид мэдэгдлээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ