Тайландын эзэн хаантай салах ёс гүйцэтгэж эхэллээ

img

Тайландын эзэн хаан  Пхумипон Адульядет  өнгөрсөн оны аравдугаар сарын 13-ны шөнө 88 насандаа таалал төгссөн билээ.

 

 

Тэрээр хаан ширээнд 18 насандаа заларч, улсаа 70 жил тасралтгүй удирдсан юм. Түүний орыг угсаа залгамжлах ханхүү Маха Вачиралонгкорн авч, тэрбээр эзэн хааны сэнтийд заларсан билээ. Эзэн хааныг таалал төгссөн өдөр Ерөнхий сайд Прают Чан-Оча орон даяар нэг жилийн гашуудал зарласан юм.

 

Уг гашуудлын хугацаа өчигдрөөр дуусгавар болж тайландчууд эзэн хаантайгаа албан ёсоор салах ёс гүйцэтгэж эхэллээ.

 

Эзэн хааныг оршуулах ажиллагаа таван өдөр үргэлжлэх бөгөөд  харин шарилыг нь нийслэл Бангкокийн төвд байрлах байгууламжинд чандарлах юм. Эхний өдөр Бангкок хотноо 20 мянган хүн эзэн хаантайгаа салах ёс гүйцэтгэхээр ирсэн байна.

 

Оршуулах ёслолд улсаас 90 сая ам.долларыг зарцуулж буй бөгөөд эдгээр өдрүүдэд ямар нэгэн цуглаан, жагсаал хийхийг хатуу хоригложээ. Эзэн хааны шарилыг чандарлах сүүлчийн өдөр тус улсын бүх төрийн байгууллагууд хаалгаа барьж, гашуудах гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ