Ч.Хүрэлбаатар: АМГТГ-ыг харьяандаа авна гэдэг зохиомол яриа

УИХ 2018 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
-2018 оны төсөв өмнөхөөс ямар онцлогтой бол? Шинэ Засгийн газар ямар зарчим барьсан бэ?
-2018 оны төсвийг бүрдэнгүүтээ УИХ-д өргөн барилаа. Хэд, хэдэн онцлогтой. Ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудал шүүмжлэлтэй байдаг. Энэ асуудлыг ил болгоё. Газар ашигт малтмалын лиценз нь дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгогддог байх ёстой. Үүнтэй холбоотой хийгдэж байгаа аливаа гүйлгээнээс татварыг гүйцэд авдаг байх ёстой. Өч төчнөөн хөрөнгө татвар хийгдэхгүйгээр далд хийгддэг гэдэг учраас Ерөнхий сайд ил болгоно гээд холбогдох өөрчлөлтийг өргөн барьчихаад байна.
Сургууль бүрийг гурван ээлжгүй болгоё, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулъя гээд 59 сургууль шинээр, 90 цэцэрлэг шинээр барихаар төсөвт суулгаж оруулж ирлээ. Инфляцын төвшинтэй нь уялдуулж тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлийн араг хэмжээг төсөвтөө оруулж ирсэн. Эрүүл мэндийн салбар үйлчилгээг бүрэн хүртэж чаддаггүй. Даатгал төлөөд байгаа ч гүйцэд үйлчилгээ авч чаддаггүй. Дараалал ихтэй, оношлогоо хийлгэж чаддаггүй гэж олон жил яригдсан учраас Эрүүл мэндийн даатгалыг тэтгэврийн даатгалын сангаас нь салгаж бие даалгана. Эрүүл мэндийн даатгалд хуримтлагддаг 400 орчим тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт бүрэн хэмжээгээр нь зарцууулъя гэдэг шийдвэрийг оруулж ирж байгаа. Ер нь эрүүл мэндийн салбарыг шинэ шатанд гаргана гэж бодож байна.
-Төсвийн орлого нэмэгдүүлэхтэй холбоотой өөр ямар зохицуулалт хийсэн бэ?
-Татварын хувь хэмжээг нэмэхгүй. Ний нуугүй хэлэхэд, урд хилээр гарч байгаа тээвэрлэлт үндсэндээ хязгаарлалтад орсон. 2018 онд 2017 оны төвшиндөө хүрэхгүй, тээвэрлэлт дээр хийх хязгаарлалт үргэлжилнэ гэж орлогоо тооцсон. Эдийн засгийн өсөлт 4.2 хувь байна гэж үзээд орлоготой холбоотой өөрчлөлтийг нэмж хийсэн. 2013, 2014, 2015 онд орлогыг хэт өндөр тавьдаг, орлого нь орж ирдэггүй, тэгээд өр үүсгэдэг байлаа.
Засгийн газрын өрийн хэмжээ нэмэгддэг, арилжааны банкуудын татаж авдаг мөнгөний хэмжээ эрс нэмэгддэг. Орлогоо хэт доогуур тавьчихаар их мөнгө ороод ирдэг. Улсын төсөв нь 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай хэрнээ мөнгө байгаа юм шиг ойлголтыг нийгэмд төрүүлээд байгаа учраас зогсооё. Төсвийн орлого, зарлагаа бодитой төлөвлөж явах чиглэлийг баримталж ажилласан.
2018 онд арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээлийг аль болох бага авахаар тусгасан. Төр өөрөө арилжааны банкуудаас их хэмжэний зээл татчихаар арилжааны банкууд иргэд, хувийн хэвшилд олгодог зээлийн хэмжээгээ татчихаж байгаа. Тийм учраас Засгийн газар өндөр хүүтэйгээр арилжааны банкуудаас зээл авахгүй гэдэг бодлого барина.
Төсвийн орлогыг орон нутгаар аваад үзэхээр орон нутгаас төлөгдөж байгаа татварын орлого буурч байгаа. Энэ бол хөдөө орон нутгийн хөрөнгө оруулалтын идэвхижил буураад царцах талруугаа явж байна. Тиймээс орон нутагт очих хөрөнгө оруулалт бүрийг нэмж өгч байгаа. Ойролцоогоор аймаг бүрт 7 тэрбум төгрөг, дунджаар 147 тэрбум төгрөгийг орон нутагт хөрөнгө оруулалт хийнэ. Ингэснээр ажлын байр бий болгох, эдийн засгийг идэвхижүүлэх чухал үүрэг гүйцэтгэх нь гэж харж байгаа.
-Цалин, тэтгэврийг нэмэх үү? Нийгмийн халамж дээр ямар бодлого барих вэ?
-Төрийн албан хаагчдад нөхөн олговор болгож 300 мянган төгрөгийг олгохоор энэ оны төсвийн тодотголд баталсан. Энэ бол гурван талт хэлэлцээрийн үр дүн. НХХ-ын сайд, БСШУС-ын сайд, ЭМ-ийн сайд нар Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ-той хэлэлцэээр хийсэн. Өчигдөр надруу залгаж, дүнг нь танилцуулсан. Энэ талаар сайд нар мэдээлэл хийх байх.
Тэтгэвэр нэмэхэд 137 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж байна. Дээр нь “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжинэ. Сонгуулийн үеэр яригдсан, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан асуудал. 0-3 насны хүүхдээ харж байгаа ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөг, 0-18 насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойсон эх, эцэгчүүдэд улиралд 240 мянган төгрөгийн урамшуулал олгох асуудлыг тусгасан.
-Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох уу?
ОУВС-тай Монгол Улс хөтөлбөр хэрэгжүүлээд явж байгаа. Энэ хүрээнд нийт хүүхийн 60 хувьд хүүхдийн мөнгийг олгоно гэж тохирсон. Энэ асуудлаар бид хэд хэдэн удаа хэлэлцээр хийгээд явж байна. Зорилтот бүлгийн хүүхдийн 60 хувь биш 80 хувьд нь олгох асуудлыг ярьж байна. Учир нь энэ 60 хувь гэдэг нь 2014 оны судалгаан дээр тулгуурласан юм билээ. Одоо инфляци өөрчлөгдсөн. Иргэдийн бодит орлого буурсан. Ядуурлын хэмжээ 20 хувь байснаа 29 хувь хүрсэн. Энэ удаад ирэх оны төсөвт хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгохоор тусгаж оруулж ирсэн.
-Өмч хувьчлалаас хэдий хэмжээний орлого төвлөрүүлэх бол? Төрийн банкийг энэ онд хувьчлах байсныг хойшлуулсан.
-Өмч хувьчлалыг төсвийн орлогод бүртгэдэггүй. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх тал дээр тусгадаг. Төрийн өмч хувьчлал бол төсөвт орж ирдэг байх болохгүй. Төрийн өмчийг хувьчлахыг УИХ батлах ёстой. Тухайлбал, төрийн өмчийг 2016-2020 он хүртэл хувьчлах үндсэн чиглэл гаргаад хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингээд олсон орлогоо төсвийн зардлагыг бүрдүүлэхэд чиглүүлэх хэрэгтэй юм. Энэ Засгийн газар байгуулагдаад цөөн хонож байна. Цаашдаа том том төслүүд, төмөр замыг хэрхэн зэрэг бодлогыг Засгийн газар гаргаад тууштай хэрэгжүүлж явна.
-Сангийн яам АМГТГ-ыг харьяандаа авах гэж байгаа гэсэн. Үүнд тайлбар өгөөч?
-Сангийн яам АМГТГ-ыг авах гэж байна гэсэн яриа гадуур байна. Манай яаманд хийх ажил мундсан биш дээ ямар. Тийм зүйл байхгүй. Тэр яриа бол зохиомол, хүмүүсийн дунд бухимдал үүсгэх гэсэн зүйл болов уу. Ил тод болгох асуудлыг хууль эрх зүйн хүрээнд тодорхой болгох зохицуулалт хийх зүйл байгаа. Ил тод болгоод дуудлага худалдаанд оруулъё. Түүнээсээ улс татвар авдаг байя гэдэг агуулгаар хандсан. Лиценз мөн ийм журмаар явна.
-Таны асуудлаар Ерөнхийлөгч хориг тавьсан. Тантай холбогдоод байгаа асуудал үнэн үү?
-УИХ-ын Хууль зүйн байнггын хорооны хуралдаан дээр 30 гэр бүл гэдэг юмыг яаж олох вэ гэсэн. Ашигт малтмалын газраас олж болно гээд тэрний нэг нь Ч.Хүрэлбаатар гэж зарласан.
Тиймээс би Ашигт малтмал газрын тосны газарт хандсан. Би болон манай ах нар дээр ямар нэг ашигт малтмалын лиценз байна уу. Одоо гэлтгүй өмнө нь бас байсан юм уу гэдгээр лавлагаа авсан. “2017 оны аравдугаар сарын 27-ний өдрийн байдлаар манай газрын кадастрын бүртгэлийн системд шүүлт хийж үзэхэд Ч.Хүрэлбаатар, Ч. Ганболд, Ч.Гансүх Гантулга гэсэн хүмүүсийн эзэмшдэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани өмнө болон одоогоор бүртгэгдээгүй байна “гэдэг тайлбар өгсөн.
Амралтын өдрүүдэд хэвлэл, сошиалыг ажиглахад хайгуулын 30 лиценз эзэмшдэг ашиглалтын 30 лиценз эзэмшдэг компанийн нэрийг гаргасан байна. Энэ 30 битгий хэл 1000 компанийн жагсаалт гаргахад Хүрэлбаатар болон Хүрэлбаатарын ах дүү нар байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ