Трамп, Ким Чен Уныг намхан, тарган хэмээн доромжлов

Ерөнхийлөгч Трампын Азийн орнуудад хийж буй айлчлалын сонин сайхны талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажлаа хүлээн аваад анх удаагаа Азийн орнуудад төрийн дээд хэмжээний айлчлал хийж буй билээ.
Тэрбээр Япон, Өмнөд Солонгос, БНХАУ-д айлчилсан бол Вьетнам улсад зохион байгуулагдсан “АПЕК”-ийн дээд хэмжээний уулзалтад улсаа төлөөлөн оролцсон юм. Түүний Ази тив дэх сүүлчийн зогсоол бол Филиппин улс билээ.
Трамп Япон болон Өмнөд Солонгос улсад айлчлах үеэрээ Хойд Солонгосын заналхийллийг зогсоох цаашлаад цөмийн хүчин чадлыг нь хэрхэн царцаах асуудлаар ярилцаж, шийдвэртэй алхам хийхээр зорьсон юм. Цагаан ордны тэргүүн Өмнөд Солонгосын парламентад үг хэлэхдээ “Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Уны гарт байгаа зэвсэг өөрийг нь хамгаалж чадахгүй. Олон улсын шаардлагын дагуу цөмийн зэвсгээсээ татгалзаж, бидэнтэй гар барь” гэжээ.
“Хэрвээ Ким Чен Ун бодлоо өөрчлөхгүй бол АНУ өөрийгөө болон холбоотон орнуудынхаа аюулгүй байдлын төлөө хүч хэрэглэхээс өөр сонголтгүй” хэмээн Трамп мэдэгдэв.
Уг мэдэгдлийн дараахан Ким Чен Ун “Трампын үг болон үйлдэл үргэлж зөрдөг. Тэд биднийг сүрдүүлж чадна хэмээн андуурч байна. Хөгшин хүний үгэнд итгэхийн аргагүй” хэмээн хэлжээ. Энэхүү мэдэгдлийн дараа Трамп өөрийн твиттер хуудастаа “Энэ залуу намайг үргэлж хөгшин хэмээн доромжлох юм. Би түүнийг хэзээ ч намхан, бүдүүн хэмээн гутааж байгаагүй. Өнөөдрийг хүртэл би түүнтэй найзлахыг чармайж явна. Тэр миний сэтгэл рүү ус цацах юм” гэж жиргэсэн аж.
Үргэлжлүүлэн Трамп твиттертээ “Магадгүй миний бичсэн үг этгээд бас бусдын дургүйцлийг хүргэж болно. Гэхдээ энэ бүхэн бодит үнэн” гэж жиргэжээ.
Трамп Сөүлд хийсэн айлчлалынхаа үеэр хоёр Солонгосын цэрэггүй бүсэд айлчлахаар төлөвлөж байсан. Харамсалтай нь цаг агаарын таагүй уур амьсгалын улмаас уг айлчлал цуцлагдсан билээ. Трамп цэрэггүй бүсэд айлчилна хэмээн олон улсын хэвлэлийнхэн мэдээлэх үеэр Ким Чен Ун “Хэрвээ Трамп цэрэггүй бүсэд ирвэл чи хэзээ ч харамсч байгаагүйгээрээ харамсах болно” хэмээн сүрдүүлсэн удаатай.
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сард зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийх үеэрээ Трамп твиттертээ Ким Чен Уныг “Пуужинтай залуу”, Хойд Солонгос улсыг шуурган галаар үндсээр нь сүйрүүлэх болно” гэх мэтээр олон нийтийн сүлжээгээр доромжилж, санаатайгаар өдөөн турхирч байсан юм.
Энэ мэт жиргээнээс болж олон нийт эрхэм Ерөнхийлөгчийг твиттерийг блоклохыг нэг бус удаа шаардсан билээ.
Трампын Ази тив хийж буй айлчлалын гол зорилго Ким Чен Уныг айлган сүрдүүлэх бус юм. Тэрбээр Азийн гол холбоотон болон Япон болон Өмнөд Солонгосыг америк зэвсгээр зэвсэглэх явдал. Мөн БНХАУ-тай хэзээ ч өмнө нь байгуулж байгаагүй худалдааны гэрээ байгуулах Вьетнамд саатах үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзаж, сүүлийн үеийн асуудлаар ярилцах явдал байлаа.
Путин, Трамп нар Данан хотноо уулзсан бөгөөд тэд Сирид улсад хүч хэрэглэхгүй байхаар тохиролцсон талаар албаны эх сурвалж мэдээлж байна.
Мөн дотоодын хямралаас болж эмх замбараагүй байдал газар аваад буй Украин улсад санхүүгийн тусламж үзүүлэхээс гадна Ойрхи Дорнодод эрхээ тогтоохоор өнөөг хүртэл тэмцэж буй Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн эсрэг хэрхэн тулалдахаа ярилцжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Мэдээж хэрэг тэдний уулзалт үр дүнтэй болсон” гэж мэдэгдэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ