Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг дэмжив

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайдыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурцыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. Гишүүн Ж.Батзандан “Элчин сайдад нэр дэвшигчтэй холбоотой томилгооны сонсголыг нэр бүхий 21 гишүүн гарын үсэг зурж өргөн барьсан. Тиймээс Томилгооны сонсголыг явуулах шаардлагатай” гэсэн байр сууриа хэллээ.
Гишүүн Т.Аюурсайхан “Нэр дэвшигчийн өмнө нь хашиж байсан албатай холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй тагнаж, чагнасан асуудал их яригдаж байна.Хуулийн байгууллага улс төрийн тангуул хийж байна. Үүнийг зогсоож, зохицуулах хэрэгтэй” гэлээ. Гишүүн А.Ундраа Солонгос улсад амьдарч, ажиллаж байгаа иргэдийн аюулгүй байдал, визний хөнгөлөлтийн талаар ямар байр суурьтай байгаа. Солонгос киноны асуудалд зохицуулалт хийх эсэхийг нэр дэвшигчээс тодрууллаа. Нэр дэвшигч Б.Хурц:
-Нийт 40 мянган Монгол иргэд бий гэсэн судалгаа байгаа. Үүнээс 12 мянга нь харласан гэсэн тоо байдаг. Визний асуудлыг хоёр тал аль болох хөнгөлөлттэй нөхцөлийг шат шатанд нь ахиулан ирж байна. Солонгос кино ганцхан Монголд биш Азийн бусад орнуудад ч гардаг. Харин манай киног тэнд соёлын өдрүүдээр сурталчилж болно гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Бид гадаад бодлого дээрээ харин ч нэгдмэл явж ирсэн. Гадаад харилцаандаа ямар зарчим баримталж байна вэ? Монголын төрийн гадаад бодлого цаашдаа нэг цонхоор байх уу? Яагаад томилогдсон Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барьж байна вэ.
Та өмнө нь зөндөө олон зүйл ярьдаггүй албан тушаалд байсан. Одоо хариулахад бэлэн болсон. Дипломат маягаар хариулаарай гэж зөвлөх байна. Цэргийн хүмүүс бол тушаал биелүүлдэг л улс.
Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх н.Тэгшжаргал:
-Таван Элчин сайдын асуудал эхнээсээ шийдэгдээд явж байгаа. Гадаад бодлого нэг цонхоор явж байгаа.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Монгол Улс хойд Солонгостой зэвсгийн наймаа хийгээгүй. ОХУ-ын иргэд, Монголын иргэд хамтраад хойд Солонгосоос 300 мянган ам.долларын гэрээ зэвсэг авахаар дамжиж ирсэн асуудал байна. Үүнийг манай тал зохицуулсан. Гэтэл өнөөдөр буруу ойлголт өгч байна. Тухайн үед залилангийн хэрэг яригдаад явж байхад нээлттэй явуулах хэрэгтэй гэж ярьж байсан. Тиймээс тухайн үед ажил хариуцаж байсан хүний хувьд зөв ойлголт өгөх хэрэгтэй. Оросын байгууллагаас мөнгө аваад Орост нь буцааж өгсөн. Үүнийг л ойлгох хэрэгтэй.
Аюулгүй байдал, гадаадын бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг:
-Энэ асуудал дагуулсан нэр дэвшигчийг заавал оруулж ирэх хэрэг байсан уу. Нэр дэвшигчээс өөр хүн яригдаагүй юу? Яагаад энэ нэр дэвшигчийг сонгосон бэ?
ГХ-ны сайд Д.Цогтбаатар:
-Элчин сайдын асуудал зохих бүх төвшинд яригдаж, хэлэлцэгддэг. Элчин сайдад нэр дэвшигчийн тухайд Монголын дипломат албанд өмнө нь ажиллаж байсан.
Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх н.Тэгшжаргал:
-Нэр дэвшигчийг судалж, боломжтой гэж үзээд оруулж ирсэн. Д.Цогтбаатар сайдын хэлсэнтэй санал нэг байна.
Ийнхүү БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдад Б.Хурцыг томилохыг дэмжих санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 74.3 хувийн саналаар Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг дэмжив.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ