Зимбабвегийн армийнхан Ерөнхийлөгчөө хорьжээ

Зимбабвегийн армийнхан төрийн эрхийг хүчээр булаан авч, Ерөнхийлөгч Мугабэг гэр бүлийнх нь хамтаар саатуулсан хэмээн “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.
Африкийн Зимбабве улсад өрнөж буй үйл явдал олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж байна.
Учир нь тус улсын армийнхан энэ долоо хоногийн эхээр “төрийн эргэлт хийнэ” хэмээн мэдэгдэж, өчигдөр зэвсэг барьж, танк хөлөглөн нийслэл Харара хотноо байрлах төв телевизийн байрыг эзэллээ.
Төв телевиз одоогоор төлөвлөсөн бүх нэвтрүүлэгээ зогсоож, зөвхөн Зимбабве улсын Армийн ерөнхий командлагч, генерал Константино Чивенгагаас ирэх мэдээллийг нийтийн хүртээл болгож байна. Тэгвэл армийнхан төв телевизээс гадна томоохон хэд хэдэн байгууламжийг эзэлж, улмаар ажилчдыг нь хорьсон гэнэ. Ажилчдыг зэвсэгтэй армийнхан харгалзаж байгаа талаар барууны хэвлэлийнхэн мэдээлэв. Армийнхан нийслэл хотноо нэвтэрсний дараахан дараалсан хэд хэдэн дэлбэрэлт болсон бөгөөд мөн Ерөнхийлөгчийн ордноос холгүй буун дуу хадах болжээ.
Уг үйл явдалтай холбогдуулан АНУ тэргүүтэй барууны орнууд Зимбабвед амьдарч буй иргэддээ сэрэмжлүүлэг хүргүүлж, гэрээсээ гарахгүй байхыг уриалахаас гадна тус улсын дотоодын хямрал намжих хүртэл Элчин сайдын яамаа хааж буйгаа мэдэгдлээ. Зимбабвегийн эрх баригчид улс оронд нь болж буй үйл явдлын талаарх мэдээллийг олон улсад тараахаас хориглож буй бөгөөд хэвлэлийнхэн дээрхээс өөр мэдээлэл олж авч чадахгүй байна.
Сүүлийн үеийн мэдээллээр армийнхан нас өндөр гарсан Ерөнхийлөгч Роберт Мугабэг гэр бүлийнх нь хамтаар саатуулан, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр Эммерсон Мнангагваг томилсон гэв. Ерөнхийлөгч Мугабэ өнгөрсөн долоо хоногт Эммерсон Мнангагваг төрийн эргэлт хийхийг завдсан хэмээн буруутгаж, Дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулсан юм.
Дэд ерөнхийлөгчийн оронд Мугабэ эхнэр Грэйс Мугабэг томилсон явдлыг армийнхан эрс буруутгаж, “Нэн даруй эрх баригч нам доторх цэвэрлэгээгээ дуусгаж, хууль бусаар гэр бүлдээ өндөр албан тушаалд томилох явдлаа зогсоохгүй бол төрийн эргэлт хийнэ” хэмээн генерал Константино Чивенга мэдэгдсэн юм.
Дэд ерөнхийлөгч асан Эммерсон Мнангагва өмнө нь Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байсан учир армийнхантай нягт холбоотой, “тэрбээр эрх мэдлээ эргүүлэн авахын тулд армийнхныг хөдөлгөж байна” хэмээн олон улс үзэж байна. Эммерсоныг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон ч “Мугабэ тус улсын хууль ёсны төрийн тэргүүн” хэмээн армийнхан мэдэгдэж “Хууль бус ажиллагаа зогссоны дараа бид Харара хотыг чөлөөлөх болно” хэмээн армийнхан мэдээлэв.
Эрх баригч “ZANU-PF” нам твиттертээ “Ерөнхийлөгч болон гэр бүлийг нь саатуулсан. Энэ бол цусгүй төрийн эргэлт” гэж жиргэжээ.
Дэлхийн хамгийн хөгшин Ерөнхийлөгч болох Мугабэ өдгөө 93 насыг зооглож байна. Тэрбээр сүүлийн үед эрүүл мэндийн шалтгаанаас болж төрийн ажилд оролцохоо больж, улмаар түүний оронд шийдвэр гаргах эрхийг түүний эхнэр, Тэргүүн хатагтай Грэйс Мугабэ гартаа авсан хэмээн Эммерсон Мнангагва мэдэгдэж, тэр хоёрын дунд дайн дэгдсэн гэхэд болно.
Дараагийн Ерөнхийлөгч, Мугабэгийн залгамжлагч хэмээгддэг байсан Эммерсон Мнангагва нэг л өдөр байр сууринаасаа ганхаж, бүхий л эрх мэдлээ Тэргүүн хатагтайд алдсан гэхэд болно. Тэрбээр Дэд ерөнхийлөгчийн албаасаа хөөгдснийхөө дараа Тэргүүн хатагтайг буруутгаж, “түүнийг төрөөс зайлуулахгүй бол Мугабэгийн гэр бүлийн дарангуйлал дахин 50 эсвэл 100 жил үргэлжлэх болно” хэмээн мэдэгдсэн юм.
Мугабэ эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бусаар залгамжлагчаараа эхнэрээ сонгосон хэмээн Эммерсоны тал үзжээ.
Зимбабве улс 1888-1965 оны хооронд Их Британийн колони байсан юм. 1965 оны хоёрдугаар сард тус улсад иргэний дайн дэгдсэн бөгөөд 1980 оны дөрөвдүгээр сард олон улсад Тусгаар тогтнолоо зарласан түүхтэй. Уг иргэний дайнд голлох үүргийг гүйцэтгэсэн Роберт Мугабэ ард түмнийхээ итгэлийг хүлээж, тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд өдгөө 30 гаруй жил улсаа удирдаж байна.
Зимбабве нь 12 сая хүн амтай, дэлхийн хамгийн ядуу, эдийн засаг сул дорой орнуудын нэгт бичигддэг билээ. ДОХ болон бэлгийн замын халдварт өвчний тархалтаар дэлхийд мөн тэргүүлдэг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ