Серена Уиллиамс хуримлав

Талбайн теннисийн агуу тамирчдын нэг Серена Уиллиамсын гэрлэх ёслол энэ долоо хоногт тохиож байна. Тэрбээр “reddit.com” сайтын үүсгэн байгуулагчдын нэг Алексис Оханайантай амьдралаа холбож байгаа юм. Энэ талаар “People” сэтгүүл мэдээлжээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хосуудын хурим Нью Орлеанс хотод болж байгаа бөгөөд өчигдөр хосууд тус хотод ирсэн байна. Хурим өнөөдөр Контэморари соёл урлагийн төвд болсон. Тэд өнгөрсөн 12 сард сүй тавьж байсан билээ. Хосууд мөн өнгөрөгч 9 сард анхны хүүхэд болох Алексис Олимпиаг өлгийдөн авсан.
Хосуудын хуримд алдартнуудын төлөөлөл болж жүжигчин Эва Лонгорио өөрийн нөхөр Жозе Бастонтой, теннисчин Каролина Возняцки болон түүний сүйт залуу, сагсан бөмбөгч Дэвид Ли, сагсан бөмбөгийн од Кармэло Энтонигийн экс эхнэр Ла Ла Энтони болон дуучин Келли Роуланд, Ким Кардашиан нар хүрэлцэн ирсэн юм.
Харин Серена Уиллиамс энэ долоо хоногийн эхэнд Нью Иорк хотноо хуримын өмнөх бүсгүйчүүдийн үдэшлэгээ хийсэн аж.
Өдгөө 36 настай Уиллиамс 2018 оны 1 сарын 15-нд эхлэх Австралийн нээлттэй тэмцээнд эргэн ирнэ гэдгээ мөн мэдэгдээд байгаа юм. Тэрбээр өнгөрсөн жил энэ тэмцээнд түрүүлж байсан билээ. Мөн тэрбээр замналынхаа турш 23 удаагийн их дуулгын тэмцээнд аваргын цом өргөж байсан.
Б.Энх-Амгалан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ