Мугабэгийн дарангуйлал төгссөнийг зарлалаа

Мугабэгийн 37 жилийн дарангуйлал албан ёсоор дууссан талаар тус улсын эрх баригч намынхан мэдээллээ. Энэ талаар “www.telegraph.co.uk” сайт уламжлав.
Зимбабве улсын Армийн ерөнхий командлагч, генерал Константино Чивенгаг өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгч Роберт Мугабэг “эрх баригч нам доторх хууль бус ажиллагаагаа зогсоохгүй бол төрийн эргэлт хийж, төрийн эрхийг хүчээр булааж авна” хэмээн мэдэгдсэн билээ.
Генерал ийнхүү мэдэгдсний маргааш тус улсын олон зуун цэрэг нийслэл Хараре хотноо нэвтэрч, улмаар төв телевизийн байрыг эзэлсэн билээ.
Эрх баригч “ZANU-PF” нам твиттер хуудсаараа дамжуулан “Армийнхан цусгүйгээр төрийн эргэлт хийлээ” хэмээн жиргэсэн удаатай. Мөн уг жиргээнээс хэдхэн цагийн дараа “Ерөнхийлөгч болон гэр бүлийг нь хорьж, утсаар ярих болон интернэт ашиглахыг нь хориглосон” хэмээн мэдэгдсэн юм.
Дээрх хоёр жиргээнээс өөр мэдээлэлгүй байсан олон улсын хэвлэлийнхэн тус улсад үүсээд буй үйл хэрхэхийг ажиглаж байсан. “Цусгүй төрийн эргэлт хийлээ” хэмээн твиттер хуудсаараа сүр дуулиантай мэдэгдээд байсан эрх баригч намынхан удалгүй армийнхантай гар барьцгааж, улмаар нас өндөр гарсан Ерөнхийлөгчөө төрөөс зайлуулахаар тэмцэж эхэлсэн нь олон нийтийг гайхшруулсан билээ. Эрх баригч намын шийдвэрээр Ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгчээр Эммерсон Мнангагваг томилжээ. Түүний эхний шийдвэр бол “Хараре хотноо эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх явдал” байв.
Эммерсон Мнангагва хоёр долоо хоногийн өмнө Дэд ерөнхийлөгчийн албаасаа чөлөөлөгдсөн бөгөөд эрх мэдлээ эргүүлэн авахын тулд армийнхнаас дэмжлэг хүссэн хэмээн олон улс үзэж байна. Түүний шийдвэрээр армийнхан нийслэл хотыг хамгаалж буй бөгөөд өнгөрсөн амралтын өдөр эсэргүүцлийн жагсаал болжээ. Жагсагчид “Мугабэ явах цаг болсон” гэх лоозонгоор жигдэрч, түүнийг огцрохыг шаардсан.
Армийнхан уг жагсаалыг хүчээр тараагаагүй нь “иргэд бидэнтэй ижил сонирхолтой байсан” хэмээн тайлбарлажээ. Армийнхантай гар барьсан эрх баригчид Ерөнхийлөгчдөө 24 цагийн хугацаа олгож, өгөгдсөн хугацаанд өөрийн хүсэлтээр огцорч буйгаа зарлахгүй бол парламентад Ерөнхийлөгчдөө итгэл хүлээлгэх асуудлаар санал хураалт явуулна хэмээсэн юм. Эрх баригчид ийнхүү мэдэгдээд Роберт Мугабэг намын даргаас нь огцруулжээ.
Мугабэ өгөгдсөн 24 цагаасаа өмнө төв телевизээрээ дамжуулан өөрийн хүсэлтээр огцорч буйгаа зарласан билээ. Тэрбээр ийнхүү шийдвэр гаргасан нь “Улс оронд минь дахин цус урсах ёсгүй” хэмээн тайлбарлажээ.
Ерөнхийлөгч ийнхүү мэдэгдэхээсээ өмнө армийнхантай биечлэн уулзсэн билээ. Уг уулзалтын үеэр Мугабэ өөрийгөө тус улсын “хууль ёсны Ерөнхийлөгч” хэмээн мэдэгдэж байсан юм.
Тэгвэл Мугабэгийн эхнэрт бүхий л эрх мэдлээ алдаж, өнгөрсөн хугацаанд хүндхэн байдалтай нүүр тулаад байсан Эммерсон Мнангагва тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдохоор болсон талаар эрх баригч намынхан өнөөдөр мэдэгдлээ.
Ийнхүү Эммерсон Мнангагва Ерөнхийлөгч болсоноор Роберт Мугабэгийн 37 жилийн дарангуйлал албан ёсоор дуусгавар болж буй юм. 48 цагийн хугацаанд Эммерсон Мнангагва албан ёсоор Ерөнхийлөгчийн сэнтийд заларч, “улс оронд үүсээд буй нөхцөл байдлыг намжаах болно” хэмээн эрх баригчид мэдэгдсний дараахан нийслэл хотноо баярын жагсаал болжээ.
Роберт Мугабэ болон түүний гэр бүлйин хувь тавилан хэрхэх нь нууц хэвээр байна. Гэхдээ Мугабэ цус урсгахгүйгээр өөрийн хүсэлтээр огцорсон учир “шинэхэн төрийн тэргүүн болон армийнханд түүнд муухай бас хүн чанаргүй хандахгүй нь лавтай” хэмээн “CNN” агентлаг мэдээлэв.
Төв телевиз өнөөдрийн анхны эфирээр “Өнөөдрөөс Мугабэгүй Зимбабве улс боллоо” гэж мэдээлжээ.
Мугабэ 1980 онд тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд тасралтгүй 37 жил тус улсыг жолоодсон юм. Гэхдээ 2005 оноос хойш Мугабэ эрх мэдлээ урвуулан ашиглаж, сонгуулийн дүнд санаатайгаар нөлөөлж, улмаар бохир аргаар ялалтыг өөртөө авах болсон хэмээн сөрөг хүчин мэдэгдэх болсон.
Их Британийн колони байсан тус улс Мугабэгийн засгийн үед дэлхийн хамгийн ядуу улсын нэг болсоноос гадна жуулчдад хамгийн аюултай, бэлгийн замын халдварт өвчлөлтөөрөө дэлхийд тэргүүлэх болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ