Н.ЭНХБАЯР ба бусад

МАХН-ын Их хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, хоёр талцан хуралдлааСүүлийн үед намын даргынхаа эрх, ямба, хугацаа хэтэрснийг энэ намын зарим гишүүд шүүмжилдэг. Тиймээс МАХН Н.Энхбаярын болон бусад гэж хуваагджээ. МАХН парламентад суудалтай гурав дахь хүчний төлөөлөл. МАХН-ыг парламентад суудалтай болгосон эрхэм бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэдэгтэй хэн ч маргахгүй. Эрхэм гишүүн О.Баасанхүү ч тус намыг парламентад суудалтай болгосон өөрийн гавъяагаа сайн мэдэрдэг. Гэхдээ О.Баасанхүү гишүүнийг хойд Солонгос явсан хойгуур МАХН-ын гишүүнээс хассан гэх үнэн худал нь үл мэдэгдэх мэдээлэл хөвөрч байсан. О.Баасанхүү гишүүн ч энэ асуудалд өөрөө дуугүй байгаагүй, “Намайг намаасаа хасвал парламентад суудалгүй, санхүүжилт ч үгүй болно” хэмээн пээдийж байсан, уг нь ч үнэн л дээ.
Тиймдээ ч намын даргадаа туньсан хэсгийг өөртөө урвуулсан бололтой. Даргадаа гомдогсод МАХН-ын их хурлыг бямба гаригт Төрийн ордонд хуралдуулж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг огцруулж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү томилов. Харин маргааш нь буюу ням гаригт Н.Энхбаярын талынхан Циркт намын хурлаа зохион байгуулж, өмнөх өдрийн их хурлыг хүчингүй болголоо. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн МАХН-д элсэн, дэд даргын албанд томилогдож, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар хоёр их хурлын хооронд жороолсон сурагтай. Намын талцалд энэ эрхмийг буруутгасан, шүүмжилсэн жиргээ ч цахим сүлжээнд нэлээдгүй байна лээ. Нэг намаас нөгөө намд элсэн, хагаран талцуулсан, нам ч үгүй, гишүүн ч үгүй болгосныг ХҮН-аар жишээлээд шүүмжилж байна, олны үг ортой л доо.
Харин О.Баасанхүү өмгөөлөгч, хуульч хүн гэж олон нийтэд таниулсан автор бол Н.Энхбаяр. Тэгээд ч МАХН Н.Энхбаярын “өмч”. Тээр жилийн өмнө жил одоогийн эрх баригч хүчин “Х” үсгийг гадуурхаж, намынхаа нэрийг МАН гэсэн товчилсон гурван үсэгэй болгосон. Харин намынхаа нэрийг солихыг эс хүлээн зөвшөөрсөн хэсэг бүлэг хүмүүсийн нэг нь Н.Энхбаяр байлаа. Өмнө нь тэрбээр энэ намыг удирдаж, сонгуульд ялалт байгуулж байсан түүхтэй. Тиймээс тус намын нэрэн дэх “хувьсгалт” гэдэг үгийг ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш гадуурхаж ирсэн олонхи байхад хайртай цөөн хэсэг хүмүүсийн ч байсан.
Тухайн үеийн эрх баригч хүчин намынхаа нэрийг сольж, МАН-ын даргаар томилогдсон Сү.Батболдын төрсөн өдрийг тэмдэглэхтэй давхцсан сюрприз нь МАХН-ыг УДШ бүртгэсэн түүхтэй. МАХН гэдэг нэрийг УДШ-д бүртгүүлсэн нь иргэн Н.Энхбаярын хүч, өөр хэн нэг иргэнд үнэндээ бяд, бяр дутах байлаа. Ийнхүү УДШ-д бүртгэлтэй болсноор “Бид намаа МАН болгосноор МАХН гэдэг нэрийг хэдэн арван жилдээ билээ, дахин ашиглаж болохгүй хуультай” гэж мэргэшсэн парламентч Д.Лүнээжанцан гишүүний давтан давтан хийж байсан тайлбар ийнхүү салхинд хийссэн юм.
МАХН УДШ-д бүртгэлтэй болсон цагаас нийгмийн сэтгэхүй тус улс төрийн хүчнийг “Н.Энхбаярын нам” гэж цоллох болсон. Мэдээж, нэр нь хоёр хуваагдсанаас гишүүдийн хооронд ч талцал үүсч, хуваагдсан. Нэрээ сольсон МАН дараагийн жилийн сонгуулиар саналаа хуваалгаж, ялагдал хүлээсэн гашуун сургамж бий. МАХН-ын УДШ-д дахин бүртгэлтэй болсон явцаас цухас дурдахад ийн. Хэрвээ Н.Энхбаяр тухайн үед УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх хуулиар нээлттэй байсан бол өнөөдөр асуудал өөрөөр өрнөх байсан гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Өнөөдөр хэдийгээр парламент дахь гуравдагч хүчин ч өнгөрсөн хугацаанд улс төрийн том хүчин гэгддэг МАН, АН-ыг гаднаас нь зааварлаж, намынхаа хооронд гүйлгэж, “дээрээс” удирдаж байсан эрхэм Н.Энхбаяр гэдэгтэй хэн ч маргахгүй. Худлаа гэвэл, тухайн үеийн эрх баригч хүчин АН-ын дарга асан Н.Алтанхуяг МАХН-тай 10 жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, УИХ-ын сонгуульд МАН, МАХН нэгдэж орохоор хамтарсан ажлын хэсэг байгуулан хуралдаж суусан цаг саяхан.
Харин өнөөдөр МАХН-ын их хурал хийгээд намын даргын хүчинтэй эсэх асуудлыг Н.Энхбаяр шийдэх үү, хуулиар явах уу гэдэг тус намын дотоод хэрэг.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ