Хоёр Солонгосын дайсагнасан харилцаа “зөөлрөв”

Хоёр Солонгосын төлөөлөгчид хоёр жилийн дараа анх удаагаа уулзлаа. Энэ талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.
Дайсагнасан харилцаатай байсан хоёр Солонгосын төлөөлөгчид өчигдөр хоёр улсын цэрэггүй бүс гэгддэг Панмунжом тосгоны Найрамдлын ордонд уулзлаа. Хоёр улсын төлөөлөгчид өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сараас хойш хэлэлцээрийн ширээний ард суугаагүй юм.
Шинэ оны өмнө Пхеньян, Сөүлтэй холбоо барьдаг хилийн зурваст байрлах холбооны шугамаа нээх зарлигыг тус улсын залуу удирдагч Ким Чен Ун албаныханд үүрэгджээ.
Тэрбээр шинэ оны мэндчилгээг ард түмэндээ дэвшүүлэх үеэр Өмнөд Солонгост ирэх хоёрдугаар сард зохион байгуулагдах Пёнчаны өвлийн олимп руу тамирчдаа илгээж магадгүй хэмээн мэдэгдсэн нь "Сөүлд харилцаагаа ахиулах алхам хийхэд дөхөм болсон" хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлжээ.
Учир нь Ким Чен Уны мэдэгдлийн дараахан Өмнөд Солонгосын Засгийн газар албан ёсоор Хойд Солонгостой хэлэлцээрийн ширээний ард суух санал тавьжээ. Пхеньян, Сөүлтэй холбоо барих шугамаа нээснээс найман цагийн дараа уг саналыг хүлээн авч, маргааш өдөр нь Сөүлтэй хэлэлцээр хийх эрхмийг нийтэд танилцуулсан юм.
Их удирдагчийнхаа итгэлийг хүлээн, улсаа төлөөлөн Солонгосын харилцааг хариуцсан агентлагийн дарга Ри Сун Гвон Панмунжом тосгон тосгонд ирсэн билээ. Тэрбээр албаны хүмүүсийн хамтаар хоёр Солонгосын уулзалт эхлэхээс хагас цагийн өмнө Панмунжом тосгонд ирсэн байна. Харин Сөүлийг төлөөлөн Солонгосын нэгдлийн яамны сайд Чо Мён Гён оролцсон билээ.
Олон улсын анхаарлыг зүй ёсоор татсан уг уулзалт өчигдөр Сөүлийн цагаар 10.00 цагт эхэлсэн юм. Төлөөлөгчид эхний ээлжинд Хойд Солонгосын тамирчид Пёнчаны өвлийн олимпт оролцох эсэх асуудлаар хэлэлцсэн байна.
Уг хэлэлцээр амжилттай болсон бөгөөд Хойд Солонгосын тамирчид Пёнчаны олимпт оролцохоор болжээ. Тамирчид болон дасгалжуулагчаас гадна Пхеньяны албаны хүмүүс олимпийн цэнгэлдэхэд далбаан дороо жагсан орох хүсэлтэй байгааг Ри Сун Гвон мэдэгдсэн байна. Энэхүү саналыг Чо Мён Гён хүлээн авч, “зөв шийдвэр” гаргасан хэмээн мэдэгджээ.
Эхнээсээ таатай уур амьсгалтай үргэлжилсэн уг уулзалтын хоёрдугаар хэсэгт Солонгосын дайны үеэр хагацсан гэр бүлүүдийг уулзуулах саналыг Сөүл тавьсан аж. Хагацсан гэр бүлүүдийг уулзуулах саналыг Пхеньян мөн хүлээн авч, Цагаан сараас өмнө энэхүү уулзалтыг зохион байгуулах болно хэмээн амлалт өгсөн байна. /Уулзалт ирэх хоёрдугаар сарын 16-нд болно/
Сөүл өнгөрсөн 2016, 2017 онд гэр бүлүүдийг уулзуулах саналыг Пхеньянд тавьж байсан ч удаа дараа Ким Чен Ун татгалзсан хариу өгчээ.
Мөн Пёнчаны олимпийн үеэр АНУ болон Өмнөд Солонгос цэргийн хамтарсан сургуулилтаа зогсоох хүсэлтэй буйгаа Хөх ордны тэргүүн Мүн Жэ Ин, Цагаан ордны тэргүүн Дональд Трамптай утсаар холбогдох үедээ хэлсэн билээ. Энэхүү хүсэлтийг Трамп зөвшөөрсөн юм.
Мүн Жэ Ин “Хойд Солонгос тамирчдаа Пёнчан хот руу илгээхээр болсонд баяртай. Ийнхүү хоёр Солонгосын харилцаа шинэ шатанд хүрнэ хэмээн итгэж байна” гэж хэлжээ. Пхеньян тамирчдаа Пёнчаны олимп руу илгээхийг зөвшөөрсний хариуд ямар нэгэн болзол Сөүлд тавьсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Уг уулзалтыг Ким Чен Ун болон Мүн Жэ Ин нар шууд хүлээн авч үзсэн бол өмнөдийнхэн шууд нэвтрүүлгээр харин хойдууд аудио хэлбэрээр хүлээн авсан талаар Сөүлийн талаас мэдээлжээ.
Өчигдрийн уулзалт Пёнчаны наадамд оролцох Хойд Солонгосын тамирчдын асуудлаар голлон ярилцсан байна. Харин Сөүлийн тал Пхеньяныг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж, улмаар хоёр Солонгосыг нэгдэхийг уриалж байсан талаар гэрчүүд өгүүлэв.
Пхеньяны уулзалтын гол зорилго бол Өмнөд Солонгос болон АНУ-ын харилцаа ямар шатандаа байгаа мэдэх улмаар эх оронд нь ямархуу заналхийлэл учруулах эсэх талаар мэдэх зорилготой байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ