Ангараг гариг дээр их хэмжээний мөс байгааг тогтоолоо

img

Ангараг гариг дээр мөс байгааг эрдэмтэд тогтоосон талаар шинжлэх ухааны  “Science” сэтгүүлд нийтлэгдсэн талаар  “www.astronomy.com” сайт уламжлав.

 

 

“НАСА” агентлагийн хөөргөсөн “Mars Reconnaissance Orbiter” хөлгөөс илгээсэн зурагны тусламжтай уг гариг дээр мөс байгааг тогтоосон аж. Энэхүү хөлөг 2006 оноос хойш Ангараг гаригийн тойрог замаар эргэн судалгаа хийж буй билээ.

 

 

Эрдэмтэд “Олон мянган жилийн өмнө уг гаригт их хэмжээний ус байсан. Цаг хугацааны явцад ус хөлдөж, мөс болсон. Гэхдээ бид уг мөсийг саяхан үүссэн хэмээн таамаглаж байна. Учир нь бид 2008 оноос хойш Ангараг гаригийг судалж байгаа” хэмээн мэдээлжээ.

 

“Ангараг дээр мөс байгааг тогтоосон учир уг гаригт хүн амьдрах бүрэн боломжтой гэдгийг дахин баталсан хэрэг боллоо” хэмээн “НАСА” агентлаг цахим сайтдаа бичиж, гаригийн хэд хэдэн зургийг нийтэлсэн байна.

 

Аризонагийн их сургуулийн доктор Шэйн Бюрн ярихдаа “Ангараг гариг дээр ойролцоогоор найман мөсөн талбай байгааг тогтоолоо. Зарим нь газрын гадаргуунаас доош метр хүрэхгүй зайд байгаа бол зарим нь 100 метр хүртэл зайд байна. Далд хадгалагдсан мөснүүдийг цэвэр ус гэж үзэх боломжтой”  гэж ярьжээ.

 

“НАСА”-ийн эрдэмтэд өнгөрсөн 2010 онд тус гариг дээр ус байгааг тогтоосон бөгөөд ирэх 2030 онд сансрын нисгэгч илгээхээр төлөвлөөд байна. 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ