Ихрээ мансууруулан өөрийнхөө оронд шоронд үлдээжээ

img

Перугийн цагдаагийнхан өөрийнхөө оронд шоронд ихэр дүүгээ үлдээж, оргосон этгээдийг жилийн дараа баривчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Александр Делгадо

 

Александр Делгадо гэгч насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн, дээрмийн хэргээр баривчлагдаж, шүүхээс 16 жилийн хорих ял оноожээ.

 

Тэрбээр Лима хотын шоронд хоригдож байхад түүний ихэр дүү Жианкарло нь эргэхээр ирсэн байна.

 

Эргэлтийн өрөөнд Александр Делгадо ихэр дүүгээ мансууруулж, улмаар хувцсыг нь сольж өмсөөд, шоронгоос оргожээ.

 

Жианкарлогийн хурууны хээгээр хүчингийн хэргээр ял сонссон Делгадо биш болохыг тогтоосон байна. Тус улсын Дотоод хэргийн яам Делгадогийн талаар үнэн бодит мэдээлэл өгсөн хүнд өндөр шагнал өгөхөө амласан юм.

 

Цагдаагийнхан түүнийг 13 сарын дараа Каллао хотоос баривчилж, Перугийн хамгийн чанга хамгаалалттай шорон руу шилжүүлэхээр болжээ.

 

Тэрбээр баривчлагдах үедээ “Ээжийгээ их санасан учраас оргосон” гэж хэлсэн байна.

 

Түүний ихрийн өрөөсөн Жианкарлог гэмт этгээдтэй хуйвалдсан хэмээн шалгаж байсан ч сулласан талаар шоронгийн удирдлагууд мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ