Трампын охины гол зорилго, Пхеньянаас ирэх генералтай уулзах

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо зохион байгуулагдаж буй 23 дахь өвлийн олимп хоёрхон өдрийн дараа хөшгөө хаана.
Тус улсын гол холбоотон болох АНУ хаалтын ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трампыг илгээхээр болсон юм. Харин АНУ-тай дайсагнасан харилцаатай байгаа Хойд Солонгос улс хаалтын ажиллагаанд оролцох эрхмээ тодруулжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Пёнчан хот руу армийн генерал Ким Ён Чолыг илгээхээр болжээ.
Тэгвэл Ерөнхийлөгчийн охин, Пхеньянаас ирж буй генералтай уулзаж магадгүй хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлэв.
Гэхдээ уг мэдээллийг хоёр тал батлаагүй байгаа ч “Иванкагийн Пёнчанд ирж буй гол зорилго Пхеньянаас ирсэн төлөөлөгчтэй уулзах” хэмээн “CNN” агентлаг мэдээлжээ.
Олимпийн нээлтийн ажиллагааны дараа АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс болон Ким Чен Уны төрсөн дүү Ким Ё Чен нар уулзахаар тохиролцоод байсан юм. Гэхдээ уулзалт болохоос хэдхэн минутын өмнө удирдагчийн дүү бодлоо өөрчилж, Майк Пенстэй уулзахаас татгалзжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ