Си Зиньпин Ерөнхийлөгч болох уу

Си Зиньпин бүрэн эрхийнхээ хугацааг сунгах зорилгоор Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах санал гаргажээ. Энэ талаар “ВВС” агентлаг болон “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.
БНХАУ-ын эрх баригч Коммунист намын дарга Си Зиньпин бүрэн эрхийнхээ хугацааг сунгахаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан талаар тус улсын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Үндсэн хуулинд намын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх хугацааг “таван жил” байна хэмээн заасан байдаг. Си Зиньпин 2012 онд намын даргаар сонгогдсон бөгөөд 2017 оны аравдугаар сард болсон намын их хурлаар дахин намын даргаар сонгогдсон юм.
Түүний намын даргын бүрэн эрхийн хугацаа ирэх 2022 оны аравдугаар сард дуусгавар болно. Хэрвээ Үндсэн хуулинд өөрчлөлт орвол Зиньпинийн гурав дахь бүрэн эрхийн хугацаа 2023 оноос эхлэх юм.
БНХАУ-д эрх баригч намын дарга улс орноо удирдан чиглүүлдэг бөгөөд “Ерөнхийлөгч” гэх статус байдаггүй.
Коммунист намын Төв хороо “Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, улмаас Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгч албан тушаал бий болгох зүйтэй” хэмээн мэдэгдэв.
Си Зиньпин өнгөрсөн онд болсон 19 дүгээр намын их хурлын үеэр “Си Зиньпинийн үзэл баримтлал” гэх өөрийн нэрээр нэрлэсэн онолоо намын үндсэн хуулиндаа оруулсан билээ. Их хурлын сүүлчийн өдөр Си даргыг орчин үеийн БНХАУ-ыг үндэслэгч гэгддэг “Мао Зэдунтэй ижил түвшний удирдагч” хэмээн тунхагласан юм. Жилээс жил Си даргын эрх мэдэл, байр суурь хүрээгээ тэлж, бат болсоор байна.
Си даргын нэрээр нэрлэгдсэн уг онолыг Үндсэн хуулинд тусгах саналыг Төв хорооноос гаргажээ.
Мао Зэдун амьд ахуйдаа 1949 онд өөрийн боловсруулсан онолоо дотоод дүрэмд анх удаагаа оруулж байв. Түүнээс өөр намын дотоод дүрмийг өөрчилсөн эрхэм Си Зиньпинээс өөр байхгүй. “Эдийн засгийн шинэчлэлийн эцэг” гэгддэг Дэн Сяопиний нэрээр нэрлэгдсэн онол мөн намын дүрмэнд орсон түүхтэй. Гэхдээ түүнийг таалал төгссний дараа 1977 онд түүний онолыг намын дотоод дүрмэнд багтаасан билээ.
Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахын тулд эрх баригчдын эхний алхам бол парламентаар хэлэлцүүлэх ёстой юм.
“Бусад улсад Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахын тулд парламентаа ятгах хүндхэн сорилттой нүүр тулдаг. Харин БНХАУ эсрэгээрээ. Учир нь тус улсын парламент эрх баригч намдаа үнэнч байхаа амлаж, сонгогдсон учир эрх баригчдын шийдвэрийг ямар ч асуудалгүйгээр дэмжих болно” хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлэв.
Олон улс Си Зиньпинийг хоёроос илүү бүрэн эрх хэрэгжүүлж магадгүй хэмээн үзэж байна.
Тэрбээр намын даргаар томилогдсоноос хойш улс орон даяар “авлигын сүүдрээс гарах аян” зохион байгуулж, авлига авсан бүх хүнийг шийтгэж, төрийн төмөр нүүрээ үзүүлсэн юм. Мөн Си дарга авлигын дуулианд нэр холбогдсон эрхмүүдийг намаасаа хөөсөн билээ. Уг авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд Си дарга нам доторх өөрийнхөө гол өрсөлдөгчдөө “хялбараар зайлуулсан” гэхэд хэлсдэхгүй.
Үндсэн хуулинд өөрчлөлт орвол Си Зиньпин албан ёсоор Ерөнхийлөгч болно. Харин Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нас өндөр болсон Ван Цишанийг томилогдож магадгүй хэмээн үзэж байна. Өдгөө 69 настай Ван Цишань энэ жил парламентын төлөөлөгчөөр сонгогдсон юм.
БНХАУ-ын парламентын чуулган ирэх гуравдугаар сарын 5-нд товлогдсон бөгөөд уг чуулганаар Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлаар гишүүд ярилцах аж. Коммунист намын Төв хороо энэ долоо хоногт 2000 гаруй гишүүн оролцсон хурал зохион байгуулахаар болжээ.
Коммунист намын академич, намын гишүүн Су Вэйг “2020-2035 он хүртэл Хятад улс тогтвортой, тууштай манлайлал шаардлагатай” гэсэн бол Хонконгын их сургуулийн профессор Вилли Лам “Би түүнийг сайн удирдагч болж чадна гэдэгт итгэж байна” хэмээн “AFP” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурьдсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ