
Дотоодын зах зээлд давамгай байдлаа хууль бусаар ашиглан үндэслэлгүй хэт өндөр үнэ тогтоох, түүнд Засгийн газрын болон хэрэглэгчийн зүгээс тавих хяналт, зохицуулалт дутагдаж байгаа. Энэ нь төгрөг, валютын ханш, бензин шатахууны үнэ өсөх, улмаар өргөн хэрэглээний болон хүнсний зарим бараа, үйлчилгээний үнэ өсөх шалтгаан болж байгаа учир хөтөлбөрийг Засгийн газраас боловсруулжээ.
Мөн Сангийн сайдаар ахлуулсан Знийн өсөлтийг тогтворжуулах зөвлөл байгуулан ажиллаж байна. Энэ зөвлөл бензин шатахуун, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийн өөрчлөлтийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг хүлээж байна. Зөвлөл нь хөтөлбөрийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, үр дүнг сар бүр Засгийн газарт танилцуулж байх юм.
Эрхэлсэн асуудлын хүрээнд бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх, ажил, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, үнийг тогтворжуулах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зориулалтын дагуу зарцуулах, тэвчиж болох зардлыг хэмнэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж, явц, үр дүнг Засгийн газарт танилцуулж байх аж. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд үнийн өсөлтөөс иргэдийн амьжиргааг хамгаалах зорилгоор төгрөг, валютын ханшийг тогтворжуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, боловсронгуй болгох юм.
Мөн инфляцыг онилсон бодлого болон валютын ханшны тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авах, валют болон төгрөгийн ханшны гэнэтийн өөрчлөлт үүсгэхгүй байх зорилгоор гадаад валютын томоохон гүйлгээнд зохицуулалт хийх, төлбөр тооцоонд гадаад валют ашиглахыг хориглох зэрэг арга хэмжээ авахаар боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ