Си Зиньпин насаараа Хятадыг удирдахаар боллоо

БНХАУ-ын эрх баригч Коммунист намын даргыг таван жилд нэг удаа сонгож, бүрэн эрхийнх нь хугацааг дахин таван жилээр сунгах боломжтой байдаг билээ.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулганаар тус улсын үндсэн хуульд заасан төрийн тэргүүний дахин сонгогдох тоонд тавьсан хязгаарыг цуцалсан талаар “Синьхуа” агентлаг мэдээлэв.
Их Хурлын 2,964 төлөөлөгч санал хураалтад оролцсоноос хоёр төлөөлөгч татгалзаж, гурван төлөөлөгч түдгэлзэж, үлдсэн гишүүд нь бүгд дэмжсэн байна.
Ийнхүү тус улсын өнөөгийн дарга Си Зиньпин ирэх 2023 он хүртэл улсаа удирдаад огцрох ёстой байсан ч ийнхүү намын хуулинд өөрчлөлт орсоноор тэрбээр улсаа цаашид үргэлжлүүлэн удирдахаар болжээ.
Тэрбээр 2012 онд намын даргаар сонгогдож, 2017 онд дахин сонгогдсон юм.
Си Зиньпин өнгөрсөн онд болсон 19 дүгээр намын их хурлын үеэр “Си Зиньпинийн үзэл баримтлал” гэх өөрийн нэрээр нэрлэсэн онолоо намын үндсэн хуулиндаа оруулсан билээ. Их хурлын сүүлчийн өдөр Си даргыг орчин үеийн БНХАУ-ыг үндэслэгч гэгддэг “Мао Зэдунтэй ижил түвшний удирдагч” хэмээн тунхагласан юм. Жилээс жил Си даргын эрх мэдэл, байр суурь хүрээгээ тэлж, бат болсоор байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ