Мөнгөөр авч болох цорын ганц хайр НОХОЙ

“Нохой эзэндээ үнэнч амьтан”. Энэ л магадгүй монголчуудын нохойны тухай хамгийн гэгээн бодол байх. Өөрөөр тэр амьтныг “өргөмжилж” хайрлах нь ховор.

Улаанбаатарт өнөөдрийн байдлаар 70-80 мянган золбин нохой байгааг албаны хүн хэлж байсан. Өглөөгүүр буун дуу дөнгөж гэрийн хаяанд дугарч, нохой сулхан гаслаад тэгс гээд намжих нь жихүүдэс төрөм. Золбин нохойн тоог бууруулахаар олж хэрэгжүүлсэн хамгийн дорвитой, нүдэнд үзэгдэж, гарт баригдах арга нь буудаж хороох байсан. Гэвч сум алдаж хүн оночих вий, дутуу буудаад хөөрхий амьтныг амьтай төдий орхиод нүгэл болох вий гэхээс үргэлж өр өвддөг юм. Үнэндээ нохой золбирч, гудамжинд олноор тэнэж яваад хүн өөрөө буруутай.
Сүүлийн жилүүдэд монголд байр, орон сууцны айлууд гэртээ нохой тэжээх нь олширчээ. Ертөнцийн гурван хөөрхөнд нохойн гөлөг багтдаг. Гөлөг дөнгөж нүдээ нээсэн даруйдаа хэн бүхний хайрыг эрхгүй татмаар эгдүүтэй. Энэ үед нь хүүхдээ тоглуулах гээд эсхүл дэмий л өхөөрдөөд худалдаж авах нь олонтаа. Гөлөг өсч томрон байгалийн жамаараа үржилд орох үеэр гадаа гарах гэж гаслах, үс унаж гуужилт явагдах зэргээр багынхаасаа эрс өөрчлөгдөх үед төвөгтэй л санагдвал өнөө хайрлаж, өхөөрдөж авсан эзэн нь юу ч бодолгүй гудамжинд гаргаад хаячихдаг.
Эсхүл “Тэжээх боломжгүй болсон тул” гэдэг том шалтгаантай зар тавьж “Утсаар тулна. Пүүзээр солино” гэх. Тэгтэл нохойд эзнээс нь өөр хэн ч байхгүй. Худалдаж авсан эзэн нь тэрний хувьд бүх л амьдрал нь. Үнэндээ эзэн өөрөө ийм хариуцлагагүй, сэтгэлгүй, энэрэлгүй байхад золбин нохой олшрох нь даамжиггүй. Тэгэхээр золбин нохой нэмэгдэхэд шалтгаалдаг нэг хүчин зүйл нь эзэн хариуцлагагүйнх.
Бас хашаандаа нохой тэжээдэг хүмүүс хооллож л байвал болоо гэж боддог. Гэтэл нохойг жилд гурван удаа вакцинд хамруулж, нэг удаа галзуугийн вакцин хийлгэж, охин нохойтой бол спэй гэх үржил хаах мэс ажилбар хийлгэх зэрэг наад захын хариуцлага хүлээх үүрэгтэй. Энэ үүргийг мэдэх хүн цөөн. Мэдсэн ч нохойны эрүүл мэндэд мөнгө зарцуулах нь ховор. Гэхдээ хариуцлагатай эзэн ч бас бий.
Гэтэл хөгжилтэй орнуудад нохой гэдэг амьтан зөөлөн буйдан дээр унтаж, дулаан хөнжилд хучуулж, халуун усанд орж, эзэнтэйгээ хамтдаа хооллож жинхэнэ утгаараа жаргалтай амьдарч байна.Гадаадууд үнэхээр хүндэтгэх шалтгаанаар нохойгоо тэжээж чадахгүйд хүрвэл нохойны асрамжын газар аваачиж өгдөг байгаа юм. Тэгээд орхичихгүй жилдээ нэгээс хоёр удаа эргэж тойрдог. Гэтэл манайд нохойгоо зүгээр л гудамжинд гаргаад хаячихдаг. Хаягдсан нохой гэрээ, эзнээ хоол хайсаар эцэст нь буудуулж үхэх тавилантай.

“Мөнгөөр худалдаж авч болдог цорын ганц хайр бол нохой” гэж үг бий. Хэдэн жилийн өмнө Хаски, Голден, Спиналь зэрэг үүлдрийн нохой 500 мянгаас нэг сая төгрөгийн үнээр худалдаалагддаг байв. Тэгтэл өнөөдөр гудамжаар нэг эдгээр үүлдрийн ноход гүйж явна. Тэр дундаа хаски. Угаас хүйтэн туйлын нохой тул дулааны улиралд үс нь ихээр унадаг, чарганы нохой тул байгалиасаа хөдөлгөөнтэй, тайван бус “нөхөр л дөө”. Энэ мэтчилэн асуудлаас болоод нохойгоо гаргаад хаячихдаг нь өнөөдөр золбин ноходын тоог нэмэгдүүлэх гол хүчин зүйл болоод байна.
Иймд нас нь дуусч, жамаараа хорвоогоос явахад нь сүүлийг нь таслан дэрлүүлж оршуулах хүртлээ тэжээж чадах эсэхээ нохой авах гэж яарахаасаа өмнө бодох хэрэгтэй байна. Нохой тоглоом биш. Тэр хайрладаг, гомддог, уучилдаг, итгэдэг, хүлээдэг бүхэл бүтэн “ертөнц”.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ