Дэлхий хямрах нь Монголын улстөрчдөд падлийгүй...

img

“Сангийн яамны 100 жил”-д   Хэдийгээр өнөөдөр дэлхийн хөрөнгийн захуудын индексүүд өсөлтийг үзүүлсэн өөдрөг мэдээтэй байгаа ч, асуудал бугласан хэвээрээ.  Ашигт малтмалын үнийн хэлбэлзлээс хамаарсан эдийн засагтай манай улсад тэрдундаа улстөрчдөд даруулгатай байхыг сануулсан сануулга хүчинтэй хэвээрээ байна. Гэвч сонгууль хаяанд ирсэн тул улстөрчдөд дэлхий дахин нь хямарна уу, яана.  Тэр нь Монгол Улсад нөлөөлж, эдийн засгийг унагана уу, яана уу. Ямар ч хамаагүй.   Амин чухал нэг зүйл байгаа нь  “Хүний хөгжил сан”-гаас  1,500,000 төгрөгийг амласан ёсоороо иргэдэд олгох. Төлөөллийн зарчимаар дөрвөн жил засгийн эрхийг атгасан улстөрчид сонгууль угтан онцсайн дүн авахын төлөөнөө үхэлдэж байх зуур дэлхий дахины эдийн засаг хямраад, нөгөө зэсийнх нь үнэ энэ тэр унаад, улстөрчид ч барцадтай байгаа янзтай. Монголын улстөрчид үүнийг ойлгож байгаа ч,  эв санаагаа нэгтгэн эрхэм зорилгын төлөө чиглүүлэн зүтгэсэн байхад тэр хямрал юу ч биш юм байх. Яадаг ч байсан амлалт нэртэй хавтгайруулсан халамжаа тараана гэдгээ мэдэгдчихээд байна. Ёроолгүй сав мэт үрэлгэн шийдвэр үзэглэж иргэдийн сэтгэлзүйгээр тоглож халамжийг хавтгайруулах нь эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгоход ихээхэн нөлөөлж болзошгүй байгаатай зэрэгцэн  2012 оны “Хүний хөгжил сан”-гийн төсвийн төслийг Засгийн газраас  Улсын Их Хуралд өргөн барьчихаад байна. “Хүний хөгжил сан”-гийн  1,500,000 төгрөгийг дараах байдлаар олгохоор Засгийн газар шийдсэн. -   Стратегийн орд газруудаас орох орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хүртээх эрх зүйн болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаа ирэх онд бүрэн хэрэгжүүлнэ. -  Үлдэгдэл 1 сая төгрөгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 334,2 мянган иргэнд бэлнээр буюу нийт 334,2 тэрбум, 170 мянган оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр 83,6 тэрбум,  эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт 5 мянган иргэнд 5 тэрбум,  орон сууц худалдаж авсны төлбөрт 100 мянган иргэнд 100 тэрбум төгрөг олгохоор төсвийн төсөлд тусгажээ. -  Ирэх онд иргэд 1.5 сая төгрөгөө бүрэн авна. 1 сая төгрөг хүртээхдээ ашигт малтмалын ордын хувьцааг бэлэн мөнгө болгох сонголттойгоор  иргэддээ олгохоор Засгийн газар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл мөнгөн хөрөнгөөр баталгаажсан энэ хувьцааг иргэд Засгийн газарт арилжиж бэлэн мөнгө болгох бүрэн боломжтой юм хэмээн үзжээ. Тэгэхээр Засгийн энэ төсөл УИХ-аар ороод шүүгдээд эцсийн байдлаар гарахдаа хэрхэн өөрчлөгдөх бол гэдгээс гадна сонгогчдоос дүн авахын төлөөх улстөрчид үүн дээр нэгдэн нягтрахаас өөр аргагүй гэдэг нь хамгийн  тодорхой хариулт юм. Ерөөс улстөрчдийн шууд шийдвэрийн дагуу гарч байгаа нийт зардал ихээр нэмэгдэж байна. Долдугаар сарын зардлын хэмжээг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 27 хувиар өссөн бөгөөд сургалтын зардалд 41.3 тэрбум,  21 мянга буюу иргэдэд олгох бэлэн мөнгөний хэмжээ 160.5 тэрбум байна. Энэ мөнгө нь Хүний хөгжил сангаас гарсан мөнгө. Тэр хэрээрээ улстөрчдийг зовоож байгаа нь бас үнэн. Энэ сангийн эх үүсвэр нь ашигт малтмалын ордуудтай шууд холбоотой. Ашигт малтмал ашигласны нөөцийн төлбөрийн 70 хувь, уул уурхайн стратегийн ордуудын ногдол ашиг, мөн Оюутолгой, Тавантолгойн урьдчилгаа төлбөр, дээр нь нэмээд Сангийн сайдын хэлсэнчлэн сангийн өөрийн хөрөнгө гэсэн дөрвөн эх үүсвэрээс бүрдээд явах ёстой. Эдгээрээс орж ирсэн мөнгө эдийн засгийг эрүүл утгаар нь дэмжихэд бус, илүү хэрэгцээтэй байгаа бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдэд бус, харин сар тутмын 21 мянган төгрөгний хишиг болон дуусч байна. Гол нь мөрөөрөө зүгээр дуусахгүй нийгэм эдийн засагт тааламжгүй үр дагавруудыг бий болгож байна. Гэхдээ нэг зүйлийг онцлоё. Хүний хөгжил санд төсөвлөсөн 800 гаруй тэрбум төгрөгийн тэн хагасыг Тавантолгойн хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа төлбөрийн хэлбэрээр авахаар шийдвэрлэсэн билээ. Харин өнөөдрийн тухайд Тавантолгой ордын цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулах консорциумууд албан ёсоор тодроогүй байна. Цанхийн зүүн хэсэгт орж ирэх олборлогчдыг тодорсон гэж мөн л зарлаагүй байна. Энэ нь тэднээс авахаар төлөвлөсөн урьдчилгаа төлбөрүүд  ирээгүй байх учиртай л гэсэн үг. Гэхдээ Эрдэнэс Тавантолгой нүүрсийг зөвхөн  Чалко-гоор дамжуулан борлуулахаар 250 сая ам.долларыг манай тал авахаар шийдвэрлэснийг умартаж болохгүй. Мөн өгүүлэхэд, Монголын Засгийн газар  18 удаагийн хэлэлцээрийн үр дүнд  Тавантолгойд хөрөнгө оруулах гадаадын компаниудыг наадмын өмнө эцэслэн тодруулж БНХАУ-ын Шинхуа  групп,  АНУ-ын Пибоди  энержи, Орос-Монголын хамтарсан консерциум гэсэн гурван талыг үлдээснээ дуулгах үеэрээ хөрөнгө оруулагчид Монгол Улсад  500 сая ам.долларыг буцалтгүйгээр шууд олгож, дахин нэмж 500 сая ам.долларыг урьдчилгаа болгон өгөх болсон гэсэн зүйлийг хэлж байсан. Харин өдгөө Тавантолгойн баруун цанхийн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр үргэлжилж байна. Ингэхдээ ҮАБЗ-ийн зөвлөмж болоод УИХ-ын 39 дүгээр тогтоолд нийцүүлэн ажиллаж эцсийн дүнг гаргах уу, дээрх зөвлөмж болоод тогтоол нь өөрөө зөв үр дүнг гаргах хөшүүрэг болж өгч дийлэх үү гэхчлэн асуулт зайлшгүй гараад байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэгэхээр Хүний хөгжил сангийн дансыг дүүргэх учиртай гол ордын асуудал хойшилсон хэвээр байна. Тэр мөнгө нь тэгээд хаанаас гарч ирэх вэ гэдэг асуудал мэдээж анхаарал татна. Цаасан дээр төлөвлөж, төсөвлөсөн мөнгө улстөрчдийн санааны зоргоор орж ирдэггүй нь тэднийг зовоож байгаа нь дамжиггүй.  Тиймээс ч төрийн өмчит Эрдэнэс МГЛ компани Хүний хөгжил сангийн ядуу  дансаа аврахаар арилжааны банкуудаас 25 тэрбум төгрөгийн тусламж эрэхээр болоод байгаа. Тэгээд зогсохгүй Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслөөс дахин хэлэлцээр хийсний үр дүнд урьдчилгаа  төлбөр авах чиглэлийг барьж байгаа нь ил болж буй билээ. Тэгэхээр амлалтаа биелүүлэхийн төлөөх Монголын улстөрчдийг  олон янзын урьдчилгаа төлбөр л аврах дүр зурагтай. Засгийн газар Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг эхний байдлаар тодруулж, нийт  тэрбум ам.долларын урьдчилгаа авахаар тохирсон нь ҮАБЗ дээр хүчтэй бүдэрсэн. Тэр дундаа эрхэм ерөнхийлөгчийн таалалд нийцээгүй. Гэсэн ч  2011 оны төсвөө   9.9 хувийн алдагдалтай баталсан улстөрчид  хямралын чимээ болоод инфляцийн өсөлтийг үл тоон халамжийн мөнгө тараахын дээр төсвөө дахин тодотгох нь нэгэнт тодорхой болчихоод байна. Э.Болорхажид  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ