Харь гаригийнх гэгдэж байсан шарил бяцхан охиных болохыг тогтоожээ

img

Чилийн Атакамагийн цөлд орхигдсон уурхайн орчмоос 15 жилийн өмнө иргэд 14.4 см урттай, хүн дүрстэй нэгэн зандаршуулсан шарилыг олсон билээ. Анх хэвлэлийнхэн уг шарилыг “Харь гаригаас ирсэн урилгагүй зочин” хэмээн бичиж байсан юм.

 

 

Тэгвэл эрдэмтэд 2003 онд олдсон уг шарилын “жинхэнэ үнэн”-ийг олж мэдсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Уг зандаршуулсан шарил ердөө 14 см урттай, ясны бүтэц нь 6-8 настай хүүхдийнх шиг байсан нь олныг гайхшруулсан аж.

 

Хүн 12 хавиргатай байдаг бол уг шарил 10 хавиргатайгаас гадна толгойны хэлбэр нь зуувин хэлбэртэй байсан учир түүнийг “харь гаригийнх” байх магадлалтай хэмээн эрдэмтэд үзэж байв.

 

 

Ата хэмээн нэрийдсэн уг шарилын эзэн нь өөр гаригийнх бус яг л бидэнтэй ижил хүнийх болохыг тогтоожээ. Нэрээ нууцалсан Испанийн нэгэн цуглуулагч уг шарилыг эзэмшдэг бөгөөд эрдэмтэд шарилын жинхэнэ үнэнийг тогтоохын тулд “ДНК”-ийн шинжилгээ авахыг хүсчээ. Уг хүсэлтийг цуглуулагч эр хүлээн авсанаар уг судалгаа, шинжилгээний ажил эхэлсэн түүхтэй.

 

Шарилд хийсэн “ДНК”-ийн шинжилгээгээр түүнийг бяцхан охин болохыг тогтоожээ. Хөөрхий охин олон төрлийн генетикийн өөрчлөлтөөс болж, ийнхүү жижигхэн, хавирга дутуу мөн толгой нь зуувин хэлбэртэй болсон аж. Ата охиноос ясны бүтэц, хөгжлийг нь өөрчилдөг долоон төрлийн генийн гажиг илэрчээ.

 

 

Анх шарилыг олоход түүнийг цагаан даавуунд ороож, улмаар ягаан өнгийн туузаар бүсэлсэн байсан гэнэ.

 

Уг судалгааны ажлыг ахалсан Калифорни дахь Стэндфордын их сургуулийн микробиологийн ухааны профессор Гарри Нолан “Ата охин генетикийн өөрчлөлтийн улмаас ийнхүү жижиг төрсөн. Тэр бол хүн. Түүний буянаар олон төрлийн генийн гажуудлыг эмчлэх боломж бүрдлээ” хэмээн мэдэгджээ.

 

Эрдэмтэн эр 2013 онд “Ата бол харь гаригийнх бус хүн байсан” хэмээн мэдэгдэж байсан ч уг мэдэгдлээ нотолж чадаагүй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гуливерийн аялал гэдэг ном байдаг сан. Тэр зүйл чин бодит гэдгийг л тогтоогоод байгаам биш үү.
2018-03-24