Түгжрэлгүй ирээдүйн төлөө тайвшраад хүлээх үү

Улаанбаатар хотын хэмжээнд 450 гаруй мянган автомашин хөдөлгөөнд оролцдог судалгаа бий. Үүнээс 350 гаруй мянга нь замын хөдөлгөөнд идэвхитэй буюу өдөр бүр оролцдог байна. Жилд 40 мянга орчим шинэ автомашинд гэрчилгээ олгодог судалгааг мэргэжлийн байгууллагаас танилцуулсан. Энэхүү тоон судалгаанаас Нийслэл хотын зам талбайд автомашин “багталцахгүй” нь аргагүй болохыг харж болно.

Үе үеийн Засгийн газар болоод, Нийслэлийн удирдлагуудын толгойны “өвчин” болоод удаж байгаа түгжрэлийг бууруулах шинэ төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, танилцуулав. Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцыг шинэчлэн засварлаж 470 метрийн урттай, 96 тулгаар багана барих гэнэ. Ингэснээр жолоочид Замын цагдаагийн уулзвар дээр дахин түгжрэхгүй гэдгийг хэлж байна.
Харин энэ ажлыг хийж гүйцэтгэхийн тулд одоо мөрдөгдөж буй автомашиныг улсын дугаарын сүүлийн орноор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулдаг журмыг өөрчилж тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулах зайлшгүй шаардлага байгаа аж. Товчхондоо иргэд долоо хоногийн хоёр өдөрт нь автомашинаа унахгүй. Харин баасан гарагт бүгд машинаа унаж, хөдөлгөөнд оролцоно. Ийм дүрмээр зургаан сар ажил, амьдралаа залгуулчихвал түгжрэлд хамаг цагаа бардаг, харих гэж хонох шахдаг нөхцлөөс ангижрах гэнэ. Ирээдүйн сайн сайхны төлөө энэ зуны их бүтээн байгуулалтыг дэмжье. Нэг өдөр автомашинаа унахгүй болоод байхад хоёр өдөр болж л таараа гээд дэмжмээр байв ч манай удирдлагуудын ам, ажил хоёр алд зөрөх нь олон. Тиймээс ч энэ удаагийн саналыг иргэд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хүчтэй илэрхийлсээр байна.
Эхлээд нэг өдөр автомашинаа унахыг хязгаарласан. Одоо харин хоёр өдөр унуулахгүй гэхээр иргэд “уурлах” нь зөв биз. Хоёр өдөр унах эрхийг нь хязгаарласны шанд баасан гарагт 450 мянган автомашин бүгд хөдөлгөөнд оролцоно. Харин тэднийг “багталцах” боломжийг нь “Нарантуул”, “Хархорин”, “Бөмбөгөр”, “Барс” захын худалдаачид өдрийн орлогоосоо татгалзаж, амарч олгох аж.
Дараагийн нэг асуудал нь автомашинаа хоёр өдөр унах эрхээ хасуулчихвал иргэд нийтийн тээврээр эсхүл таксигаар үйлчлүүүлж таарна. Ажил хичээл тарах үеэр автобусны хаалгаар уначихгүйг хичээсээр арай гэж гэртээ харьж байхад нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн тоо одоогынхоос илүү нэмэгдэнэ гэхээр санаанд багтахгүй байна. Нийтийн тээврийн газраас 13 чиглэлд автобус нэмж гаргахаар судалж байгаа гэсэн. Хэзээг нь мэдэхгүй. Цас, бороо орсон цаг агаарын нөхцөл хүндэрсэн өдрүүдэд Улаанбаатар хотод такси олдох нь ховор. Олдсон нь амандаа орсон мөнгөө хэлж, хэд нугалж хөлс төлөх үе иргэдэд тохиолддог. Автомашинаа унах эрхээ хасуулсан хүн хэлсэн хөлсийг нь төлөөд хүргүүлэхээс өөр яах ч билээ.
Энэ мэт асуудлыг эерэгээр шийдэх боломж байвал хэдхэн сар хүлээгээд түгжрэл гэх толгойны өвчнөөс салахыг хэн хүнгүй л хүсэх биз. Бас гүүрээ бариад дуусчихвал Улаанбаатар хот түгжрэлгүй болох тул дугаарын хязгаарлалтыг бүр мөсөн цуцлах боломжтой гэдгийг хэлж байна. Үүнийх нь төлөө дэмжээд өгмөөр байвч үнэндээ тууз хайчилж, гүүр, зам засварын ажлаа нээчихээд “царцааж” алга болох нь бий. Бодож, судалж байж л хийгээрэй дээ П.Баярхүү дарга аа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ