Трамп, Хятадын технологийн салбарыг зүгээр өнгөрөөхгүй бололтой
2018-04-04

АНУ, БНХАУ-ын дунд дэгдээд буй худалдааны дайн хэрхэн өрнөхийг олон улс болгоомжтой ажиглаж байна. Хоёр улс харилцан галлаж буй бөгөөд хэсэг хугацааны дараа тэдний сум олон “гэмгүй” орнуудыг онох нь тодорхой.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр импортын татвар ноогдуулах бараа бүтээгдэхүүний хар жагсаалтдаа БНХАУ-ын хагас дамжуулагч, лити ионы цэнэг хураагуур зэрэг бүтээгдэхүүнийг багтаасан талаар эх сурвалжууд мэдэгдэв.

 

Трамп ийнхүү БНХАУ-ын хөгжлийн үндэс технологийн салбарыг ониллоо. Цагаан ордны тэргүүн БНХАУ-ын 50 тэрбум ам.долларын импортод 25 хувийн гаалийн татвар ноогдуулахаар төлөвлөжээ.

 

“Уг шийдвэрт Хятадын 1300 гаруй төрлийн бараа, бүтээгдэхүүн багтахаар төлөвлөж байгаа” хэмээн тус улсын Худалдааны төлөөлөгчийн газар мэдэгдэв. Ирэх долоо хоногт энэхүү жагсаалтыг нийтийн хүртээл болгох гэнэ.

 

Бээжингийн эрх баригчид дэлхийн технологийн салбарт манлайлах зорилгоор “БНХАУ-д үйлдвэрлэв: 2025” гэх төслийг хэрэгжүүлэхээр шат дараатай алхмуудыг хийж буй билээ.  “БНХАУ-д үйлдвэрлэв: 2025” төсөл хэрэгжвэл АНУ-ын эдийн засагт сөрөг нөлөөтэй бөгөөд тус улсын технологийн салбарынхан “ажилгүй” болох эрсдэлтэй байна.

 

Тиймээс уг төслийг хэрэгжихээс урьтаж, Вашингтон эдийн засаг болон бизнес эрхлэгчдээ хамгаалах зорилгоор Трампын Засаг захиргаа БНХАУ-д цохилт өгөх хоригийг батлахаар өнгөрсөн хугацаанд ажиллажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин