
“Үнэ бүрдэлтийн шинэчлэлт” сэдэвт семинарыг ЗТБХБЯ, ГХБГЗЗГ, Монголын Барилгачдын холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион явууллаа. ГХБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү семинарыг нээж үг хэлсэн бөгөөд барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, компаниудын удирдах ажилтнууд болон холбогдох мэргэжилтнүүд салбарын төрийн бус байгууллагын удирдлагууд оролцов.
ЗТБХБЯ-ны ахлах мэргэжилтэн Г.Лосол Төсвийн үнэ бүрдэлтийн талаар 2011 онд хийсэн ажил болон 2012 онд төрийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар барилгын компанийнханд энэ үеэр мэдээлэл хийсэн юм. Мөн өнгөрсөн жил шинэчлэн батлагдсан “Шинэчлэгдэн боловсруулагдсан барилгын үнэ бүрдэлт, үндсэн дүрэм, төсөв, зохиох заавар”-ыг хэрхэн хэрэгжүүлэхталаар барилгын компаниудад заавар зөвлөгөө өгөв.
Мөн ГХБГЗЗГ-ын техникийн бодлого, норм нормативын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Нямаа “Шинэчлэгдэн боловсруулагдсан барилгын үнэ бүрдэлтийн үндсэн дүрэм болон төсөв зохиох заавар гэсэн сэдвээр, Барилгын Төсөв, Үнэлгээчдийн Холбооны ерөнхийлөгч Д.Санж “Барилгын үнэ, нормативын одоогийн байдал” сэдвээр илтгэл тавьсан юм.
Д.Санж илтгэлдээ орон сууцны үнэ өсч байгаагийн гол шалтгаан нөхцөлүүд, барилгын салбар дотроо хамгийн хоцрогдсон дампуурсан дэд салбар бол барилгын үнэ бүрдэлт, төсвийн нормативын ажил байгааг хатуухан шүүмжилсэн. Мөн тэрээр орон сууцны барилга их хэмжээгээр баригдаж байгаа ч үйлдвэрлэлийн барилга ерөөсөө баригдахгүй байгаа нь нийт улс орны эдийн засгийг хямруулах нэг нөхцөл болж байгааг онцоллоо.
Хэлэлцүүлгийн үеэр барилгын салбарын аж ахуйн нэгж компаниудын төлөөлөл санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн. Тухайлбал, Барилга Корпорацийн ерөнхийлөгч Л. Шагдаррагчаа барилгын норм дүрэм, үнэ боловсруулна гэдэг маш нарийн ажил учраас бүх салбарынх нь мэргэжилтнүүдийн үзэл бодлыг тусгах ёстойг сануулсан.
Мөн Монголын төсөвчдийн холбооны тэргүүн Д.Санж барилгын техник, технологи нь шинэчлэгдээд байдаг төсвийн норм дүрэм нь л хуучнаараа яваад байна. Ингэж болохгүй байнга шинэчлэлт хийж явах ёстой, норм дүрэм гэдэг бол нэг ёсны хууль. Энэ хуульд барилгынхан захирагдах ёстой. Манайхан норм дүрмээ гаргахдаа мөнгөндөө тааруулж хийдэг. Уг нь нормдоо тааруулж мөнгөө гаргаж өгөх хэрэгтэй. Бид ийм жишгээр яваад байвал хэзээ ч чанартай сайн барилга барьж чадахгүй гэсэн юм.
Энэхүү хэлэлцүүлэг семинараас гарсан дүгнэлтийг нэгтгэн ЗТБХБЯ-нд албан бичгээр хүргүүлэх ба барилгын салбарын удирдах ажилтны энэ оны зөвлөгөөний хэлэлцэх асуудалд багтаах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ