Их гүрнүүдийг муудалцуулсан ЦОХИЛТ

АНУ тэргүүтэй орнууд Сирийг бөмбөгдөөд буй юм. Энэ талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Сирийн Дума хотноо энэ сарын эхээр армийнхан энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан хэргийн ард Ерөнхийлөгч Башар аль Ассадыг бий хэмээнАНУ тэргүүтэй орнууд хардаж буй юм.
Уг химийн халдлагын улмаас 80 гаруй хүн амиа алджээ. “Амиа алдагсдын ихэнх нь эмэгтэйчүүд болон хүүхдүүд” хэмээн НҮБ мэдээлэв. Ассад дэглэмээ хамгаалахын тулд өөрийнх эсрэг нэгдсэн ард түмнээ хүйс тэмтрэхээр армийнханд химийн зэвсэг ашиглах зөвшөөрөл олгосон хэмээн барууны орнууд үзжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дээрх үйл явдлын дараахан Цагаан ордондоо хэвлэлийнхнийг хүлээн авах үеэрээ “Ассад заавал хариугаа амсах болно” хэмээн хатуухан мэдэгдэж, холбоотон орнуудаа Ассадын эсрэг нэгдэх уриалга гаргасан юм. НҮБ-ын Аюулгүй зөвлөл Дума хотноо химийн зэвсэг ашигласан асуудлаар шуурхай хуралдааныг зарлаж, Сирийн Засгийн газрын эсрэг хэд хэдэн хориг тавихаар төлөвлөв.
Трамп хоригоос гадна Ассадад бодит заналхийлэл үзүүлэх хэрэгтэй хэмээгээд “Гол холбоотон болох Их Британи болон Францтай хамтарч, Сирийн газар нутагт агаараас цохилт өгөх болно” гэж мэдэгдсэн юм. Ассад “Дума хотноо химийн зэвсэг ашиглаагүй” гэдгээ олонтоо учирласан ч Трампын хатуу байр суурийг өөрчилж чадаагүй. Мөн Трамп Сирийн химийн зэвсгийн халдлагад ОХУ болон Ираны Засгийн газар нягт холбоотой хэмээн Кремлийн тэргүүн В.Путинтэй зөрчилдөв.
Путин “Америк олон улсад энхийг сахиулах нэрээр хүчирхийлэл явуулсан. Тэд одоо Сирийг гол байгаа болгож, буруугүй хүнийг буруутан мэтээр өргөмжилж байна. Холбоотнууд ямар ч арга хэмжээ авсан ОХУ, Сирийн бүрэн бүтэн байдалд гол анхаарлаа хандуулах болно” гэж мэдэгджээ.
Трамп, Ассадад сануулсан ёсоороо өнгөрсөн амралтын өдөр Сирийн Засгийн газрын эзэмшлийн газруудад агаараас цохилт өгчээ. АНУ-ын зааварчилгаагаар Британи болон Францын сөнөөгчид Ассадын эзэмшлийнх гэх бүс нутгуудыг бөмбөгдөж эхэлсэн юм. Холбоотнуудын дайралтын үеэр 40 гаруй энгийн иргэн амиа алдаж, олон барилга, байгууламж нурсан аж.
Холбоотнууд Сирийн газар нутагт 118 удаа агаараас цохилт өгсөн бөгөөд уг цэргийн ажиллагааны үеэр Дамаск хотноо үйл ажиллагаагаа явуулах Сирийн Засгийн газрын эзэмшлийн химийн зэвсэг хадгалдаг гурван томоохон байгууламжийг устгасан гэдгээ АНУ-ын Зэвсэгт хүчний штабын генерал Жозеф Данфорд сүржин мэдэгдэв.
Харамсалтай нь генерал эрийн сүржин мэдэгдэл “худал, хуурмаг” болохыг ОХУ-ын Зэвсэгт хүчний хурандаа Сергей Рудской мэдэгдээд “Холбоотнуудын химийн зэвсэг хадгалсан гэгдээд буй байгууламжууд үнэндээ ашиглалтаас гарсан үйлдвэрүүд. Мөн тэдний харвасан 108 пуужингийн 71-ийг нь ОХУ амдаж, Сирид хохирол учруулахгүйгээр устгасан” гэж хэлжээ.
“Гурван улс Сирид амжилттай цохилт өгч, Ассадыг зүрхийг айдаст автуулсан явдалд талархаж буйгаа Цагаан ордны тэргүүн Трамп твиттер хуудсаараа мэдэгдээд “Энэ бол эхлэл” гэдгийг мөн Ассадад сануулав.
АНУ, Францтай хамтран Сирид цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн Британийн Ерөнхий сайд Терезай Мэй өчигдөр парламентдаа дээрх цэргийн ажиллагааны талаар тайлангаа тавьсан юм. Тэрбээр хэн нэгний ятгалгад авталгүйгээр Сирид цохилт өгсөн гэдгээ учирлажээ.
Мэй “Сирийн Ерөнхийлөгч Ассад ард түмнээ ялгаварлан гадуурхаж, иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан. Бид энэ шударга бус үйлдлийг хараад суухыг хүсээгүй. Холбоотнуудын явуулсан цэргийн ажиллагаа эрхзүй болон ёс зүйн үүднээс ч зөв үйлдэл. Ардаа хохироодог Ерөнхийлөгч Сирид хэрэггүй” хэмээв.
Парламент гишүүд Ерөнхий сайдаа буйр суурьгүй хандаж, АНУ-ыг даган дуурайсан хэмээн буруутгасан юм. Ерөнхий сайд, Цагаан ордны тэргүүний ятгалгад автаж, цэргийн ажиллагаа нэрийдлээр Сирийн ард түмнийг хохироосон явдлыг британичууд хурцаар шүүмжилжээ.
Учир нь холбоотнууд химийн зэвсэг ашигласан гэх Дума хотноо олон улсын шинжээчид ажиллаж, дүгнэлтээ гаргахаас нэг өдрийн өмнө Сирид цохилт өгсөн юм. Химийн зэвсгийг хориглох байгууллагынхан дүгнэлтээ танилцуулахаас урьтаж, Сирид цохилт өгсөн явдлыг ОХУ-ын Засгийн газар “Энэ бол санаатай үйлдэл. Тэд хэргээ нуухын тулд шинжээчдээс урьтаж, Сирийг бөмбөгдсөн” гэж мэдэгдээд “АНУ, Британи зөвхөн хямралыг даамжруулж байна” гэв.
Энэ талаар Мэй “Трамптай ярилцсан. ОХУ, Аюулгүй зөвлөлийн гишүүн. Тиймээс бидний шийдвэрт хориг тавих байсан учир бид урьдчилан хөдлөхөөс өөр сонголтгүй болсон. Британи, АНУ-ын хүсэлтээр Сирид цэргийн ажиллагаагаа явуулаагүй” гэх бөөрөнхий мэдэгдэл хийжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ