Ким Чен Ун маргааш Өмнөд Солонгосын хилийг давна

img

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин болон Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун нар маргааш хоёр улсын цэрэггүй бүс болох Панжунмон тосгоны Найрамдлын оронд уулзана.

 

 

“Уг уулзалт маргааш Сөүлийн цагаар 9.30 цагийн орчимд болно” хэмээн Өмнөд Солонгосын Нэгдлийн яамнаас уламжлав.  Панжунмон тосгон нь өмнөдийнх бөгөөд Ким Чен Ун, Хөх ордны тэргүүнтэй уулзахын тулд өмнөдийн газар нутагт хөл тавих юм.

 

Тэрбээр өмнөдийн газар нутагт хөл тавих Хойд Солонгосын анхны удирдагч болно.

 

Ким Чен Ун өнгөрөгч долоо хоногт “цөмийн хөтөлбөрөөсөө татгалзана” хэмээн мэдэгдсэн ч уг амлалт өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй байна.

 

Сөүл “Удирдагч нарын яриа хэлэлцээр амаргүй болох байх. Өмнөд Солонгос, Хойд Солонгосыг албан ёсоор цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг уриална. Бид Пхеньяны тавьж буй саналыг анхааралтай сонсох болно” хэмээн мэдэгджээ.

 

Түүхэн уулзалтын эхэн хэсгийг шууд дамжуулах бөгөөд “яриа хэлэлцээрийн шат хаалттай болно” гэдгийг албаныхан танилцуулав.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ