Бид Засгийн гоё хөтөлбөрийг сонсох нь гол биш тулгамдсан асуудлаа ярилцана

img

“Монголын эдийн засгийн форум-2018” энэ  сарын 21, 22-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважаваас зарим зүйлийг тодрууллаа.

 

-МҮХАҮТ-аас энэ удаагийн форумоор төр, засгийнханд  ямар асуудлыг тавих вэ?

 

-Өнгөрсөн жил  эдийн засаг 5.1 хувийн өсөлттэй гарлаа. Ойрын хоёр жил 6 хувьд эдийн засгийг барина. Тийм учраас энэ үед хуримтлагдсан орлого, нийтийн сангийн санхүүжилтийг ил тод байлгах, авлигагүй болгох асуудлыг тавина. Нийтийн сангийн мөнгөөр хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтуудад өөрсдийн бодлогоо тавьж оролцоно.  Өнөөдөр Зөрчлийн хууль прокурорын дарангуйллын системийг бий болгосон байна. Энэ бол авлигын үүд хаалга, үүнийг зогсоох хэрэгтэй. Бид Ерөнхийлөгч, Ерөнхий  сайд нарт бэлгэ тэмдэг болох гэж суугаагүй. Хэрвээ хоёр өдрийн форум дээр сайд нар  бүтэн оролцохгүй бол бид бизнесийнхнээ аваад гарна. Энэ зарчмыг анхнаас нь тавьж байгаа.

 

-Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулсан Эдийн засгийн форум ямар үр дүнтэй хэрэгжсэн бэ? Энэ жил ямар үр дүн хүлээж байна вэ?

 

-Хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэг янз бүрийн гоё зүйлийг сонсох нь гол биш.  Бидэнд ямар зовлон байна, яаж шийдвэрлэх вэ гэдгээ ярилцана. Үр дүн гэхээсээ илүүд тулгамдсан асуудал, бухимдлаа ярилцах нь илүү чухал  байдаг юм. МҮХАҮТ үүнийг баримталж байна. Шийдвэрийг эрх мэдэлтнүүд гаргаад явж байгаа. Эдийн засгийн форум хоёр жил хийгдсэнгүй. Хоёр жил хуримтлагдсан харилцан ярилцаж, чадахгүй байгаа асуудлаа ярилцана. Бизнес эрхлэгчид өөрсдөө ганзаглаж ирсэн санаа оноогоо дамжуулж, дараа нь эрх мэдэлтнүүдээр  шийдвэр гаргуулах нь  төрийн бус байгууллагуудын өөрсдийнх нь авъяас гэж харж болно.

 

-Эдийн засаг өнгөрсөн онд 5.1 хувиар өссөн. Энэ нь иргэдэд мэдрэгдээгүй ч аж ахуйн нэгжүүдэд нөлөөлсөн үү?

 

-Энэ чинь статистик тоо. Эдийн засгийн өсөлт аж ахуй нэгж, иргэдэд очих болоогүй. Дөрвөн жил хямарсан. Бид дөрвөн жилийн зудаа  арай чамай давж гарч байна.  НӨАТ-ын систем, Ил тодын хууль, эрдэс баялгийн үнийн өсөлт гэх мэтчлэн зүйлээс жоохон юм цуглаж, тоо болоод гарч байна. Эдийн засгийн өсөлтийг  аж ахуй нэгж, иргэндээ хүргэхээр Татварын багц хуулийн өөрчлөлт, Банкны банк хуулийн өөрчлөлтийн хийж байна. 2011 оны 17 хувийн өсөлт хоёр жилийн дотор тэглэгдсэн. Тиймээс системүүдийн өөрчлөлтөөр үр дүн гарч ирнэ.

 

-Та Зөрчлийн хууль прокурорын дарангуйллыг бий болгож байна гэлээ.  Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт  саналаа хүргүүлсэн үү?

 

-Монгол Улсад бизнес эрхлэгчтэй харилцдаг Нийгмийн даатгалын, гаалийн, мэргэжлийн хяналтын гэсэн 12 мянган байцаагч байгаа. Энэ байцаагч нар тавьсан актаа нөгөө тал зөвшөөрөхгүй бол прокурорт өгдөг механизмд орсон.  Монгол Улсад 1.7 сая зөрчил байдаг. Байцаагч нарын тавьсан эдгээр зөрчил бүгд  прокурор дээр очно гэдэг чинь аймшигтай систем бий болж байна. Уг нь Зөрчлийн хуулийн гол зорилго Захиргааны хэргийн шүүх рүү явдаг процессийг тодруулах гэж хийсэн. Нэг прокурор дээр хэдэн мянган хэрэг очихоор шийдэж дийлэхгүй. Авлига өгнө.  Сүүлдээ 12 мянган авлигын хаалга нээгдэх бололцоо үүсч байна. Тиймээс прокурор үүнээс аль болох зайгаа барьж, өмнө нь явж байсан Захиргааны хэргийн шүүхээр асуудлыг шийдэх хэрэгтэй.  Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг ХЗДХЯ дээр, мөн УИХ-д гарсан ажиллаж байгаа. Тэд тайлангаа тавих байх.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ