Ж.Бат-Эрдэнэ: Монголын нүүрсийг Европ руу экспортлох гарцыг хэлэлцлээ

“Монгол Оросын санаачлага-2018” эдийн засгийн чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулга уулзалтын хүрээнд хоёр тал хэлэлцээрт гарын үсэг зурж байна. Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Дитрих Е.И. нар Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухайМонгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ үеэр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Хэлэлцээрийн үр дүнд манайд ямар боломж нээгдэж байна вэ?
-Эдийн засаг өсөхийн хэрээр бид зах зээлээ тэлэх асуудал гарч байна. Зөвхөн урд хөрш гэхээсээ хойд хөрш, Европ руу, далайд гарах гарц, боломжийг хайж байна. Бид энэ хүрээнд есөн жил ярьж, хэлэлцэж байж өнөөдөр гэрээ маань зурагдлаа. ОХУ-аар дамжуулан Владивосток руу далайд гарах цаашаа Европ руу гарах гарц нээгдэж байна. Бид ОХУ-аар дамжин өнгөрөх гол магистраль зам дээрээ хамтарч ажиллан, үйл ажиллагаагаа тэлэх гол нөхцөл нь тарифын хөнгөлөлт эдлэх юм.
Нөгөө талаас Улаанбаатар төмөр зам хоёр улсын өмчлөлттэй хамтарсан компани. Энэ утгаараа үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх тал дээр маш их ач холбогдолтой.
-Тарифын ямар ямар хөнгөлөлтүүд эдлэх бол?
-Хэлэлцээрийн дагуу олон улсын хэмжээнд хөнгөлөлттэй тариф гаргана. Энэ хүрээнд 40 хувийн тарифын хөнгөлөлт эдэлнэ. Гэхдээ ямар төрлийн ачаа, хаашаа явах вэ гэдгээс хамаарч тус тусдаа өөр. Далайд гарц байгаа гэдэг утгаараа ижил хэмжээнд өрсөлдөхүйц байх юм.
-Тавантолгойд ОХУ-ын тал ямар байр суурьтай байна вэ?
-Нүүрсний тээвэрлэлт дээр ОХУ-ын тал нэлээд санал сонирхлоо илэрхийлсэн. Бид хойд төмөр замын асуудлыг ярилаа. Энэ нь Кызылийн төмөр замыг Эрдэнэт-Овоотын төмөр замтай хамтрах юм. Үүгээр өөрсдийн нүүрсээ урагшаа гаргахад хамтарна. Мөн үүгээр Монгол Улсын нүүрсийг Европ руу гаргах экспортын гарцуудыг ярилаа. Нэг талдаа бид зүүн тийшээ Владивосток руу гарах гарцыг ярьж байгаа. Мөн энэ удаад баруун тийшээ хар далайгаар дамжиж европ руу экспортлох гарцыг ярилцсан.
-Автозамын салбарт ямар асуудал яригдсан бол?
-Азийн автозамын салбарт бид “AH-3” чиглэлээр холбогдож байгаа. Энэ нь Улаан-Үд-Тянжиний зам. Энэ замын асуудал дээр Азийн автозамын холбооны өмнө хүлээсэн замаа өргөжүүлэх, тэр хэмжээний урсгалтай олон улсын стандартын дагуух зам явуулах дээр хамтарч ажиллахаар ярьж байгаа. Энэ дагуу хурдны замаа сайжруулах асуудлыг гурван улсын хүрээнд ярина.
-Иргэн агаарын тээвэрт Оросын тал онгоц нийлүүлэх боломжтой гэж ярьсан. Манайд эрэлт хэр байгаа бол?
-Энэ асуудлыгөнөөдөр үдээс хойш сайд нарын хүрээнд хэлэлцэнэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ