
Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа нийслэлчүүдийн хэрэгцээг хангахаар тавдугаар цахилгаан станц гэх цаасан дээрх зүйлийн талаар бид удаан ярилцаж байгаа. Энэхүү станцын тендерт Японы" Marubeni", "Mitsu"i мөн Солонгосын" Samsung", Америкийн "Bechte"l зэрэг гадныхан оролцох төлөвтэй байна.
Та бүхэнд Япон Солонгосчууд ямар газарт нүүрсний цахилгаан станц байгуулдаг талаар товчхон мэдээлэл хүргэе. Японы Киото хот нь сая 400 мянган хүн амтай, эргэн тойрон уулаар хүрээлэгдсэн байдаг нь манай Улаанбаатар хоттой нилээд төстэй. Уг Киото хотын хэрэглээний эрчим хүчийг Киотогоос 100 км зайтай Maizuru хэмээх газрын цахилгаан станцаас илгээдэг байна. Киото Улаанбаатарын адил уулаар хүрээлэгдсэн тул агаарын бохирдол амархан бий болж болзошгүйн үүднээс гэрэл цахилгааныг 100 км-н цаанаас явуулж байгаа хэрэг.
Харин Солонгосын нийслэл Сөүл нь 10 сая хүн амтай бөгөөд Сөүлийнхний эрчим хүчний хэрэгцээг дөрвөн цахилгаан станцаас хангаж байна. Уг дөрвөн цахилгаан станцын хоёр нь Сөүлээс 60 км зайтай далайн дундах аралд байх ба үлдсэн хоёр нь Сөүлээс 50 км зайтай Инчионд байдаг байна. Япон Солонгос зэрэг улсууд нүүрсний цахилгаан станцад утаа шүүх төхөөрөмж, чанарын шаардлага хангасан шалгарсан сайн технологийг ашигладаг ч тэд өөрсдөө ч тэрхүү мундаг сайн төхөөрөмжиндөө 100% бат итгэдэггүй хэрэг. Тиймээс л хүн ам төвлөрсөн газраасаа дор хаяж 50 км-н зайтай нүүрсний цахилгаан станцыг байгуулдаг юм.
Гэтэл Улаанбаатарын оршин суугчид нийслэл дотроо Сүхбаатарын талбайгаас таван км зайтай газарт үнэхээр нүүрсний цахилгаан станц байгуулуулахаар боллоо гэж үү. Тавдугаар цахилгаан станцыг байгуулах нь америк, герман, японы компаний аль нь байсан ч хамаагүй тэднээс нэг зүйлийг асуух нь зүйтэй. Тэдгээр улсын компаниуд өөрийнхөө улсын нийслэлд нүүрсний цахилгаан станц барих болов уу. Барихгүй нь ойлгомжтой дор хаяж 50 км алслагдсан газар барих болно.
Америкчуудын нүүрсний цахилгаа станцын талаархи ойлголт хандлагын талаархи тод жишээ нь Lovett цахилгаан станц. Lovett нүүрсний цахилгаан станц нь хэдийгээр Нью-Йоркоос 80 км зайтай байх авч тэндээс гарах хорт утаа нь ойр хавийн оршин суугчдын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байна гэдэг шалтаанаар хэдэн жилийн өмнө оршин суугчдын хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэрээр тухайн цахилгаан станцын янданг нь нураасан.
Өөрийнхөө улсад ингэх мөртлөө Монголд өөрөөр хандах болсон учир нь өөрийнхөө нийслэлд амьд хүн амьдарч байгаа мэт харин Улаанбаатарт малнууд амьдарч байгаа мэтээр үзэж байгаа хэрэг үү. Цахилгаан станцад нүүрс шатаахад шатаасан нүүрсний 20%-тай тэнцэхүйц хэмжээний үнс гардаг тэрхүү үнс нурмыг гадагшлуулах болон турбин хөдөлгүүрийг хөргөхийн тулд ихээхэн хэмжээний ус хэрэглэдэг тул Япон Солонгос зэрэг улсууд далайн ойролцоо цахилгаан станцыг байгуулдаг байна.
Гэтэл борооны улирал гэхээр зүйлгүй Улаанбаатарын хувьд газрын гүний ус нь өдрөөс өдөрт хорогдсоор одоо бараг цэвэр усны гачигдалд ороход ойрхон болоод байхад үүнээс илүүтэй хайр гамгүй хэрэглэж яасан ч болохгүй. Улаанбаатарын 2,3,4-р цахилгаан станцууд нь 35 жилийн туршид ажиллах хугацаандаа бий болгосон үнс хаях газар нь Сүх жанжины талбайгаас 30 дахин том бөгөөд тэндээс салхинд хийсэн агаарт бужигнах үнс ч мөн агаарын бохирдлын нэг шалтгаан юм.
Түүнчлэн үнснээс хөрсөнд шингэх мөнгөн ус, хар тугалга нь хөрс усны бохирдлыг бий болгодог. Гэтэл энэ бүхний эцэст тавдугаар цахилгаан станцыг Улаанбаатарт байгуулаад үнсийг нь хаявал нийслэл маань амьд амьтан тогтохын аргагүй л газар болох биз ээ.
Дэлхий дахины дагаж мөрддөг 15-50 гэсэн дүрэм бий. Байгалийн хий юмуу нүүрсний хий ашигладаг цахилгаан станц хотоос 15 км харин нүүрсний цахилгаан станц нь дор хаяж 50 км зайд байх гэдэг журам юм. Хэдий хот суурингаас 50 км-т байх ч тэрхүү нүүрсний цахилгаан станцад станцын утааг шүүх төхөөрөмж байх нь ойлгомжтой. РМ, хүхэр, азот зэргийг шүүх төхөөрөмжийг гадаадын цахилгаан станцууд дийлэнх нь ашигладаг.
Харин нүүрсний хий, байгалийн хий ашигладаг станцад РМ, хүхэр, азотыг шүүх төхөөрөмж огт шаардлагагүй. Утаа нь угаасаа цэвэрхэн аюулгүй учраас тэр л дээ. Нүүрсэнд РМ, хүхэр, азот зэрэг нь ихээр агуулагддаг юм. Ер нь гадаадын улс орнуудын цахилгаан станцад хорт бодисыг шүүх төхөөрөмжийг суурилуулсан байдаг ч тэр нь заримдаа нэр төдий зүйл байх ч магадлалтай тул 100% баталгаатай шүүнэ гэдэгт өндөр хөгжилтэй орнууд эргэлздэг.
Тэрхүү шүүх төхөөрөмжийг суурилуулахад асар их хөрөнгө мөнгө шаардлагатайн дээр ашиглах явцдаа ч чамгүй их зардал гаргадаг тул засаж сайжруулах ажлыг цаг тухайд нь хийгээгүйгээс төхөөрөмж нь эвдрэх, ажиллагаагүй болох зэрэг бэрхшээлүүд ч багагүй тохиолддог аж. Ашиглаад ч хор хөнөөлийг тодорхой хэмжээнд бууруулахаас биш огт үгүй хийж бүр мөсөн арилгаж дөнгөнө гэсэн үг огтоос биш. Тухайлбал, манай 4-р цахилгаан станцад байдаг РМ шүүх төхөөрөмж нь 10 micron -с дээш хэмжээтэй тоосонцрыг л шүүж чадах учраас зөвхөн хүний нүдэнд үзэгдэх цагаан утаа л багасах боловч эрүүл мэндэд хамгийн хортой хэсэг болох 2.5micron-с жижиг хэмжээтэй тоосонцрыг бол бараг шүүж чадахгүй.
Ийм төхөөрөмжтэй болохоор 4-р цахилгаан станц 3-р цахилгаан станцаас утаа багатай харагдах авч шатааж буй нүүрсний хэмжээ нь хамаагүй их болохоор ялгаруулах хорт бодис нь ч хоёр дахин их ялгардаг. Эндээс үүсэх агаарын бохирдлоос болж жилд Улаанбаатарын хүн амын 10% буюу 1000 гаруй хүн үхэж байна.
Өндөр хөгжилтэй орон болон хятад улс хүртэл үүнийг хүлээн зөвшөөрч цахилгаан станцад хорт бодисыг шүүх төхөөрөмж хичнээн суурилуулсан ч түүнд итгээд тайвшрах бус цахилгаан станцыг хот суурингаасаа дор хаяж 50 км зайтай байгуулж байна Улаанбаатарт байгаа цахилгаан станцуудын үнс хаядаг газар нь Сүхбаатарын талбайгаас 30 дахин том бөгөөд түүнээс ялгарах мөнгөн ус, хар тугалга мөн гүний усны бохирдол зэрэг асуудал яагаад огт хөнддөггүй байна вэ.
Манайхан нүүрсний үнсийг ашиглах боломжтойн хувьд боломжтой. Нүүрсний үнсээр хийсэн цемент барилгын материал нь жирийн цементтэй харьцуулахад чанар муутайн дээр цемент болгохын тулд зардал ихтэй тул АНУ, Япон зэрэг хөгжингүй орнуудад нийт үнснийхээ ердөө 10 орчим хувийг л ашигласан болоод 90 хувийг нь далайд хаядаг байна.
/АНУ, Япон, Солонгос гэх мэт улсуудын ашигладаг нүүрс нь сайн чанарын нүүрс болохоор шатаасан нүүрсний хэмжээний 15%-тай тэнцэх хэмжээний үнс гардаг байна. Харин манайд ашиглаж байгаа нүүрсний чанар муу тул үнс ч их гардаг./
Эдгээр улс орнууд нь далайтай болохоор далайн ойролцоо цахилгаан станцаа байгуулж үнсээ далай руу хаядаг. Харин Улаанбаатарын цахилгаан станцууд Сүхбаатарын талбайгаас 30 дахин том газарт үнсээ хаяж хөрс усыг бохирдуулж байна. Тэрхүү үлэмж хэмжээний үнс нь салхи шуурганд хийсч ойр орчин агаарын бохирдолд ч хувь нэмрээ оруулна.
Цахилгаан станцыг хот суурингаас 50км хол байгуулдаг нь ялгарах утаа, хаягдал үнснээс гарах хор хөнөөлөөс хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд юм. Улаанбаатарын цахилгаан станцууд нь ажиллах явцдаа хуралдуулсан үнс нь нэгэнт Сүхбаатарын талбайг 30 нугалахаар үлэмж хэмжээтэй болжээ.
Үүн дээр нь V цахилгаан станцыг Улаанбаатарт байгуулчихвал улсын нийслэл маань мөнгөн ус, хар тугалга-д хордсон ундны ус нь хор болчихсон, гамшгийн хот болох нь дээ.
Бид дараагийн 20 жилийн хугацаанд хэр их ухаан зарж, ажилласанаас шалтгаалан 20 жилийн дараах ирээдүйд цэвэр тунгалаг ундны устай хотод ногоон модон дээлээр гангарсан Богд уулыг бий болгож чадахаар болох эсэх шалтгаалах болно. Үүний тулд 3-5-н бодит биелэлт ажлын ахиц дэвшил л чухал.
Юуны өмнө дараагийн гурван жилийн дотор нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхээ зогсоох тул 600мв-н эрчим хүчний хэрэгцээг хотын гаднаас хангахгүй бол болохгүй. Тодруулбал, эрчим хүч үйлдвэрлэх станцыг нүүрсний орд уурхайтай газар байгуулах нь зүйтэй гэдэг үндэслэлээр доор дурьдагдах дөрвөн зүйл нь ажил хэрэг болоод байна.
- Хэнтийн Чандгана дахь Канадын Рrophecy компанийн 600мв цахилгаан станц / үйл ажиллагаагаа явуулж эхлээд явцын дунд 4200мв болгож ихэсгэх/
2. Өмнөговь аймгийн Ухаа-худаг дахь MCS компанийн 50 мв цахилгаан станц / мөн л явцын дунд 600 мв болгож хүчин чадлаа өсгөх/
3. Төв аймгийн Сэргэлэнд баригдах Ньюком компанийн 20мв нар салхины сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц /явцын дунд мөн л 200 мв болгож өсгөх болно/
4. Оросын Байгал нуурын усан цахилгаан станц 20000мв хүчин чадалтай. Тус цахилгаан станц нь ирэх жилээс эрчим хүчээ хаашаа экспортлох вэ гэдэг асуудал босч ирэх болно. Ялангуяа усан цахилгаан станцын шөнийн цагаар үйлдвэрлэх эрчим хүч нь илүүдэж эхлэх /илүүднэ гээд шөнийн цагаар арай бага эрчим хүч үйлдвэрлэх, зардлаа хэмнэх боломжгүй/ учир үнийн хувьд ч өдрийн хэрэглээний эрчим хүчнээс шөнийн эрчим хүч нь хоёр дахин хямдарч түүнийгээ зарж борлуулахад хамгийн тохиромжтой зах зээл болох монголд хүсэлт тавих нь дамжиггүй. Харин энэ тохиолдолд манайх одоогоор Оросоос 200мв эрчим хүч импортолж байгаа ч гурван жилийн дараагаар үнийг нь тодорхой хэмжээнд бууруулж оросоос 500мв эрчим хүчээр хангуулахаар тохиролцож болох юм. Ингэж оросоос импортлох эрчим хүчээ ихэсгэсний хариуд дараахи нөхцөлийг тавих нь зүйтэй болов уу. Байгал нуураас Хөх хотруу тавих байгалийн хийн хоолойг Монголоор дайруулан гурван жилийн дотор дуусгах тухай хэлэлцээ хийх асуудлууд юм.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ