Монголын намууд ХАГАС АРДЧИЛСАН гэж үнэлэгдэв

img

Дефакто институтаас улс төрийн намуудын дотоод ардчиллын индексийн судалгааг явуулж анхны тайлангаа гаргасан талаар Дефато институтын захирал Д.Жаргалсайхан, ахлах судлаач Бат-Оргил болон СЭЗИС-ийн багш Б. Эрдэнэдалай нар мэдээлэл хийлээ. 

 

 

Ардчилсан парламентын засаглалтай орны хувьд чөлөөт сонгуулиар дийлэнх сонгогчдын санал авсан улс төрийн намд засгийн эрх мэдлийг шилжүүлдэг. Улс төрийн нам дотооддоо ардчилалтай байж улс орноо ардчиллын зарчим дээр суурилан удирдаж чадна. Манай орны хувьд улс төрийн намуудын дотоод ардчилал нь ямар түвшинд байгааг  тогтоохын тулд энэхүү судалгааг явуулжээ.  

 

Монгол орны хэмжээнд бүртгэлтэй улс төрийн нам 28 байдаг бол судалгаанд зургаан нам мэдээлэлээ өгөхийг зөвшөөрсөн байна. Судалгааны үр дүнд Монголын улс төрийн намууд яг нам мөн эсэх, мөн гэж үзсэн нь институтийн хувьд аль хэр төлөвшсөн талаар сэтгэл түгшээсэн дүр зураг гарсан байна. Дээд шүүхэд бүртгэлтэй зургаан нам нийт 535 324 гишүүдээс түүвэрлэн алдааны нарийвлал 5 хувь байхаар тооцож 384 гишүүдийг сонгосон байна. Индексийг оролцоо, өрсөлдөөн, ил тод байдал, санхүүжилт гэсэн үндсэн хэмжигдэхүүнээр шинжилж, улс төрийн намуудын дотоод ардчиллыг үнэлсэн байна. Судалгаанд МАН, АН, МАХН, ХҮН, ИЗНН, ЭОН гэх намууд орлцож дотоод ардчиллын индекс нь ойролцоо буюу хагас ардчилсан нам гэх хариу гарчээ.

 

 

Намын жирийн гишүүдийн оролцоо сул байгаа нь судалгааг хийх явцад мэдэгдсэн байна. Парламентад суудалтай нам төрөөс санхүүжилт авдаг талаар ч мэдээлэл байдаггүй байна. Дефакто институтийн захирал Д.Жаргалсайхан “Улс төрийн намаас эхлэлтээ санхүүжилт нэртээ авлигыг намын гишүүд нь өөрсдөө шаардаж байж намаа нам болгохгүй бол хэдхэн хүний төрийн эрхийг барих хэрэгсэл болсоор байна. Тийм учраас нийгмийн хамгийн чухал асуудал мөн гэж бодож байгаа учраас заавал улс төрийн намын дотоод ардчиллын судалгааг гаргаж байх ёстой гэж үзэж байгааг” хэллээ. Мөн цаашдаа энэхүү судалгааг тогтмол явуулж жил бүр тайлан гаргаж олон нийтэд мэдээллэхээр болсон байна.

 

 

Судалгааны үр дүнд улс төрийн намын эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах, яаралтай шийдвэрлэх шаардлагатай болох нь харагджээ. Улс төрийн намын дотоод ардчилалтай буюу шийдвэр гаргах процедур нь нээлттэй, ил тод, хариуцлагатай байвал иргэд намуудад илүү итгэнэ. Тиймээс энэхүү судалгааг зөвхөн дурдаад өнгөрөх бус шат шатны байгууллагууд анхаарч иргэдийн итгэлийг нэмэгдүүлснээр ардчилал бэхжих суурь бүрдэх юм гэдгийг судлаачид хэлэв.  

 

О.Солонго 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
ugaasaa mongold ardchilal bauxgyi deerem tonuulyn nuugem
2018-06-28