
Оюутнууд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэгтэй болох тухай яригдсан ч шийдэгдээгүй байсан юм.
Тэгвэл өнгөрсөн баасан гарагт оюутнуудын хүлээлт дуусгавар болж Дээд боловсролын санхүүжилт суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа.
Энэ өдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ээлжит бусаар хуралдаж Дээд боловсролын санхүүжилт суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны гишүүд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахыг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулсан юм. Нэгдсэн хуралдаанаар ч гишүүд анхны хэлэлцүүлгээр нь батлах саналтай байсан тул 82,1 хувийн саналаар хууль батлагдлаа. Энэ хууль батлагдсанаар их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд сар тутамд 70 мянган төгрөгийн тэтгэлэг авах бололцоо нээгдэж байна.
Харин ямар шалгуураар оюутанд сар тутамд тэтгэлэг олгох тухай асуудлыг хуульд заасны дагуу Засгийн газар ирэх долоо хоногоос авч хэлэлцэн, журам батлахаар боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ