Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 12-ны өдрийн 01:35 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас үер бууж Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км (Цомог-Айраг өртөө хооронд)-т төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсан. Үүний улмаас 286 дугаартай галт тэрэгний хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг галт тэрэг осолдсон тул тухайн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байсан.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирлыг арилгахын төлөө төмөр замчид шаргуу ажилласны ачаар галт тэрэгний хөдөлгөөн 2018.08.13-ны 22:18 минутад нээгджээ. Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай авч, ажилласаны үр дүнд төмөр замыг сэргээн засварлаж дууссан байна. Улмаар гол замыг нээж, тээвэрлэлт саадгүй явагдах боломжтой болжээ.
Сэргээн босгох ажиллагаанд Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 281, 336 дугаар анги, Сайншанд сумын Төмөр замын цэрэгжүүлсэн анги, Говьсүмбэр аймгийн Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалттай гал унтраах анги, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Төмөр замын байгууллагын ажилтан зэрэг нийт 486 хүн, 106 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан.
Мөн ОХУ-ын сэргээн босголтын галт тэрэгний цуваа 08 дугаар сарын 13-ны өдрийн 02:00 цагт осол болсон газарт ирсэн. Төмөр замын холболтын ажил дуусмагц галт тэргийг өргөх ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлыг явуулжээ.
Г.Сүрэн
Уншиж байна |