Яамдаас согтууруулах ундаа "илрүүлжээ"

ЗТХЯ-ны Газрын дарга нар албан өрөөндөө архидаж, нэгнийхээ аминд хүрсэн онц ноцтой хэрэг нийгмийг цочроож, төрийн албынхныг хариуцлагаа чангатгахыг “хүний амиар” мэдрүүлсэн. Төрийн тусгай хамгаалалтын албаныхнаас эхлээд Засгийн газар, нийслэлийн Засаг дарга ч архи, согтууруулах ундааг ажлын байранд авч орох, албан шүүгээнд байлгахыг хатуу хориглоод байгаа. Төрийн тусгай хамгаалалтынхан яам, агентлагт нэг жилийн хугацаанд хэдий тоо хэмжээний архи, согтууруулах ундааг авч орсон талаарх тоо баримтыг архиваа “ухаж”, протоколоос гаргаж авчээ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт яам, агентлагуудад “гэнэтийн шалгалт” явуулжээ. Шалгалтын дүнг энэ долоо хоногийн ажлын эхний өдөр буюу даваа гаригт ЗГХЭГ-ын шуурхай хуралдаанаар тайлагнасан байна. Албан хаагчдын хөргөгч, шүүгээнд хийсэн нэгжлэгээр нэжгээд архи, согтууруулах ундаа олджээ. Яам, агентлагаасаа хамаарч, согтууруулах ундааны хэрэглээ ч онцлогтой байсныг тогтоожээ. Тухайлахад, ХХААХҮЯ-ныхан үндэсний үйлдвэрлэлийн “дэмждэг”, бол ГХЯ-ныхан импортын барааны хэрэглээтэй байх жишээтэй. Цаашлаад гэнэтийн энэ шалгалтад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга өртөж, албан өрөөндөө архидан согтуурч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх сураг ч чих дэлслээ.
Ямартай ч энэ удаагийн гэнэтийн шалгалтын талаар ЗГХЭГ сонсгол хийж, эхний удаад сануулга өгсөн сурагтай. Харин шалгалтын талаарх мэдээллээ “дотоод асуудал”-д багтаан чимээгүй өнгөрөөх үү, бодит байдлыг олон нийтэд үнэн зөвөөр мэдээлэх үү гэдэг эргэлзээтэй.
Төрийн албаны хариуцлага, ёс зүйг чангатгана гэдгээ Ерөнхий сайдаас эхлээд салбарын удирдлагууд олон нийтийн мэдээллийн хэрэглэсээр жижүүрийн үг мэт давтдаг. Хэрвээ төрийн албыг хариуцлагажуулах гэж байгаа бол энэ мэт шалгалтын дүнг ч дараад өнгөрөх бус олон нийтэд нээлттэй мэдээлж, цаашид авах арга хэмжээний талаараа ч дурдаж баймаар.
Олон нийт ч төрийн албаны хүнд суртлыг шүүмжилж, үйл ажиллагааг нь нээлттэй байлгахыг шаардсаар ирсэн билээ.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ