Ч.Хүрэлбаатар: Засгийн газарт цалин нэмэх өөр хувилбар байхгүй

Цалинг зөвшилцсөн хэмжээнд нэмсэнгүй гэж зарим сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарлаад байгаа. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Засгийн газрын хуралдаанаар багш нарын ажил хаялтын асуудлыг хэлэлцэв үү?
-Улс оронд тулгамдсан асуудлаар Засгийн газар хэлэлцдэг. Цалин нэмэх асуудлыг бид удаан хугацаанд ярьж байгаад шийдсэн. Энэ хэмжээнээс өөрчлөгдвөл эдийн засаг үзүүлэх сөрөг нөлөө их. Өөрөөр хэлбэл,өр тавьж цалин нэмнэ гэсэн үг. Өр ямар хэмжээний дарамт учруулдгийг бид мэднэ. Зээл аваад өр төлөх гэж ямар байдгийг бид бүгдээрээ мэднэ.
Анх 2012 оны төсөв хэлэлцэж байхад авсан зээлийнхээ хүүд Монгол Улсын Засгийн газар 37 тэрбум төгрөг төлдөг байсан. Гэтэл одоо Сангийн сайдын ажлыг аваад ажиллаж байхад 1.4 их наяд төгрөгий авсан зээлийнхээ хүүд төлж байна. Монгол Улсын тэтгэврийн сан 1.7 их наяд. Үүнтэй тэнцүү шахам мөнгийг зээлийн хүүд төлж байна.
Улаанбаатар хотын утааны асуудлыг бид шийдэхийн тулд сургууль, цэцэрлэг барих ёстой. Үүнийг ойлгож байгаа олон хүн байгаа гэж итгэж байна. Эдийн засгийн нөхцөл байдлыг сайн ойлгох хэрэгтэй. Бид байгаа бололцоондоо нэмсэн. Засгийн газарт үүнээс өөр хувилбар байхгүй.
-Багш нарын шаардлагын дагуу цалинг нэмэхэд хэдэн төгрөг шаардлагатай вэ?
-Цалинг 50 хувь нэмнэ гэдэг чинь үндсэндээ нэг их наяд төгрөг гэсэн үг. Хэмнэлт гаргаад цалин нэмэх боломж байгаа. Гэхдээ их наядаар нь мөнгө гаргаад явах боломж байхгүй. Энэ мөнгө зөвхөн нэг жилдээ биш, жил бүр цаашдаа нэмэгдээд явна.
Бид “Сайн хувьцаа”, "Сайн оюутан" гээд л мөнгө тарааж байсан. Үр дүн нь юу байна. Буруу бодлого дээр үйлдвэрчний эвлэл эсэргүүцэж байх хэрэгтэй. Бид орлого, зарлага, төсөвт ирэх дарамтаа тооцож гаргадаг. Нэг удаагийн арга хэмжээ биш тогтмол арга хэмжээ бол цалин нэмэх. Энэ нь өөрөө суурь зөв зарчим.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ