АНУ-ын Засгийн газар БНХАУ-ын Батлан хамгаалах яам болон ОХУ-ын “Рособоронэкспорт” компанийн эсрэг шинэ хориг тавьсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ талаарх мэдээллийг Төрийн Департаментын албан ёсны цахим хуудаст байршуулжээ.
Худалдааны маргаанаас болж АНУ, БНХАУ таарамжгүй харилцаатай байгаа.
Шинэ хоригт БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпиний шууд удирдан чиглүүлдэг Цэргийн төв зөвлөл болон тус байгууллагын тэргүүн Ли Шанфу нар багтжээ.
БНХАУ-аас гадна ОХУ-ын тээвэр логистикийн үйлчилгээ үзүүлдэг “Оборонлогистика” компани, “Сухой” онгоцыг үйлдвэрлэдэг “Гагарины” нисэх онгоцны үйлдвэр, “Вагнерийн” хувийн цэргийн компани багтсан аж.
Эдгээр компаниудыг АНУ-ын зах зээлд хөл тавихыг хориглохоос гадна хөрөнгийг нв царцаах хүртэл арга хэмжээ авах гэнэ.
БНХАУ, өнгөрсөн онд “Су 35” сөнөөгч онгоц, энэ оны нэгдүгээр сард “С-400” зенитийн пуужингийн системийг ОХУ-аас худалдан авсан. “Энэ наймаа хориг арга хэмжээ авах гол шалтгаан болсон” гэж Цагаан ордны төлөөлөгч мэдэгджээ.
Уг хориг Москва, Бээжингийн армийн хүч чадлыг сулруулахад чиглээгүй гэв.
Хүйтэн дайнаас хойших хамгийн том цэргийн сургуулилтыг ОХУ саяхан зохион байгуулсан билээ. “Восток 2018” он цэргийн сургуулилтад ОХУ-ын 300,000 цэргийн албан хаагч оролцсон бол БНХАУ-ын 3,800 гаруй цэргийн албан хаагчаа илгээжээ.
ОХУ-ын эрх баригчид 2014 онд Украины газар нутгийн нэгээхэн хэсэг Крымийг эх газартаа хүчээр нэгтгэсэн, иргэний дайнд нэрвэгдээд буй Сирид цэргийн ажиллагаа явуулсан, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд хөндлөнгөөс нөлөөлсөн гэх асуудлаас болж хоёр улсын харилцаа ХУРЦДААД буй юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |